Pink October: “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Бээжингийн Хавдар Судлалын Хүрээлэнтэй хамтран ажиллаж БНХАУ-ын БЭЭЖИН хотод “ХӨХНИЙ ХАВДАР”-ын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга технологи, Маммографи, Хөхний хэт авиан шинжилгээ болон хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны сургалтанд 30 эмчийг суралцуулахаар явж байна.  

Хөхний  хорт хавдрын эрт илрүүлэлт, эрт оношилгоо, эрт эмчилгээний чадавхыг дээшлүүлэх нь Монголын эрүүл мэндийн тогтолцооны тулгамдсан хэрэгцээ төдийгүй, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны онцгой анхаарч буй иргэдийн амьдралд чухал ач холбогдолтой асуудал юм.    

Тус сургалтанд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт "Хөхний хавдар"-ын эмч нарыг бэлтгэх сертификат олгох сургалт 7 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 30 эмч хамрагдаж байна.  

10 дугаар сарыг дэлхий дахинд Хөхний хорт хавдрын талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх сар (Breast Cancer Awareness Month эсвэл Pink October) хөхний эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулахад анхаарал хандуулдаг билээ.  

Дэлхий дахинд ягаан тууз нь хөхний хорт хавдартай тэмцэх, өвчнийг даван туулагчдын тэсвэр хатуужлыг хүндэтгэх, тэдэнд итгэл найдвар, хүч чадал хайрлах нэгдмэл эв нэгдлийн илэрхийлэл болдог.

Өнөөдөр ягаан туузаар нэгдсэн эмч нар маань орчин үеийн оношилгоо, эмчилгээний сургалтад хамрагдаж сурсан мэдлэгээ  Монгол эмэгтэйчүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулах юм.