Цагдаагийн байгууллагад 2026 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 97,504 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, нийт 17,322 зам тээврийн осол бүртгэгджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25,208, жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18,971 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

Намар, өвлийн улиралд зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгддэг тул жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Цас, мөс, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг нөхцөлөөс шалтгаалан тээврийн хэрэгслийн тоормослох зай уртасч, ослоос зайлсхийх боломж буурдаг.

Иймд жолооч нар цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгож, урд яваа тээврийн хэрэгслээс аюулгүй зай барих, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх шаардлагатай.

Түүнчлэн хот хоорондын болон орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх орчноо сайтар тооцож, ядарсан, нойрмог үедээ жолоо барихгүй байхыг зөвлөж байна. Өвлийн дугуй, тоормос, гэрэл, шил арчигч болон халаалт, шил цан арилгах системийн ажиллагааг урьдчилан шалгах нь чухал юм.

Жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, хурд хэтрүүлэх, гар утас хэрэглэх, согтуугаар жолоо барих зэрэг үйлдэл нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс жолоо барих үедээ гар утас оролдохгүй байх, гэнэт эгнээ солихгүй байх, явган зорчигчдод зам тавьж өгөх, хамгаалах бүсээ зүүхийг анхаарууллаа.

Мөн Улаанбаатар хотын хөдөлгөөн ихтэй замд осол гарч, нэг буюу хэд хэдэн эгнээ хаагдах нь ойр орчмын уулзвар, гудамж, замын хөдөлгөөнд нөлөөлж, дараалсан түгжрэл үүсгэх эрсдэлтэй. Иймд жолооч нар ослын газрыг сонирхон удаашрах, зураг, бичлэг хийх, шаардлагагүйгээр эгнээ солих зэргээр хөдөлгөөнд саад учруулахгүй байх хэрэгтэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь хөдөлгөөнд оролцогч бүрийн ухамсар, сахилга бат, хариуцлагаас шалтгаалах тул жолооч нарыг дүрмээ мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.