Шатахууны Шуурхай штаб хуралдаж, шатахууны нийлүүлэлт, нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: "ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:
- АИ-92 автобензин: 10 хоног,
- Дизель түлш: 28 хоног,
- Онгоцны түлш: 36 хоногийн нөөцтэй байна.
Үүссэн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна. Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор баталгаажуулсан. ОХУ-аас 70 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, Казахстан Улсаас гурван мянган тонн шатахуун авахаар тус тус төлөвлөсөн.
Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс даруй 20 орчим мянган тонноор илүү захиалга хийгдсэн үзүүлэлт юм. Иймд шатахуун тасалдахгүй тул иргэдийг дараалал үүсгэх шаардлагагүй. Нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай шатахуун хадгалах байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байна. Цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Шатахууны нийлүүлэлт саатсан нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1500 орчим вагон байгаагаас Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7–8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна. 10, 11 дүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үе. Одоогоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Гол нь шатахуунтай вагонуудыг нэн яаралтай буулган, хоосон вагоныг ОХУ руу буцааж эргэлтийг түргэсгэх шаардлага тулгараад байна. Энэ чиглэлээр УБТЗ болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан Оросын төмөр замын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд шатахууны хяналтын цахим системийг автоматжуулж дуусахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 264 ШТС-ын 87 хувь нь benzin.mn системд мэдээллээ тогтмол оруулж байгаа бол үлдсэн 13 хувь нь мэдээллийг хоцроож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тухайн иргэд "E-Mongolia"-ийн комиссын актаа үзүүлэн дугаарлалгүй үйлчлүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. Түүнчлэн хууль ёсны асран хамгаалагчийн бичиг баримттай иргэдэд ч дугаар харгалзахгүй үйлчилнэ. Харин хуурамч бичиг баримт ашиглах, өдөрт олон дахин өөр машинаар ирж шатахуун авах зэрэг зөрчил илэрч байгааг аж ахуйн нэгжүүд дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэнэ" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!