“Чингис хаан” музейн захирал С.Чулуун МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнийг нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн хэрэгт Улсын дээд шүүх энэ сарын 3-нд хяналтын журмаар шийдвэр гаргажээ.

С.Чулуун доктор Г.Мөнх-Эрдэнэ багшаас нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, гутаасан мэдээллийг нийтэлсэн арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан ч уг асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд Г.Мөнх-Эрдэнийн нийтэлсэн мэдээллийг судлаачийн байр сууринаас илэрхийлсэн шүүмжлэл гэж үзэж, С.Чулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байв.

Харин Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг мэдээллийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, С.Чулууны өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнийн хувьд нийгмийн сүлжээнд идэвхтэй байж, төрөл бүрийн асуудлаар байр сууриа илэрхийлдэг нэгэн юм. Чөлөөт ардчилсан нийгэмд хэн ч үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрхтэй ч санаатай болон санамсаргүйгээр бусдын нэр төрд халдаж, гүтгэж доромжлох ёсгүй.

Дээрх хэргийн тухайд, Г.Мөнх-Эрдэнэ өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа С.Чулууны холбогдолтой гэж үзэж буй архивын баримтыг гадаадын сургуульд үнэ төлбөргүй хуулбарлан өгсөн, Өндөр гэгээн Занабазарын намтартай холбоотой хосгүй баримтыг гадаад руу гаргасан, зохиогчийн эрх болон оюуны өмчийн зөрчил гаргасан гэх гурван асуудлыг хөндөж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Тэрбээр тухайн үед “Хэрэв шүүх намайг гүтгэснийг тогтоовол би шийдвэрийг хүндэтгэж, уучлалт гуйна. Гоншигнолгүй биелүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байсан бөгөөд Улсын дээд шүүх түүнийг хүн гүтгэсэн болохыг тогтоолоо. Одоо хэлсэндээ хүрч уучлалт гуйх, эсэхийг нь харах л үлдэв.