“Disney+” стриминг платформын Өмнөд Солонгос дахь удирдлагууд “Дахин гэрлэсэн хатан хаан” романтик, уран зөгнөлт цуврал дэлхий даяар ийм өндөр амжилт үзүүлнэ гэж төсөөлөөгүй байснаа мэдэгджээ.

Ижил нэртэй цахим романаас сэдэвлэн бүтээсэн уг зохиол өмнө нь зурагт өгүүллэг хэлбэрээр нийтлэгдэж, олон тэрбум удаагийн үзэлт цуглуулсан байна. 

Цувралд Шин Мин-а, Жү Жи-хүн, Ли Жон-сук, Ли Сэ-ён нарын нэрт жүжигчин тоглосон бөгөөд Навиэр хатан хаан, түүний нөхөр эзэн хаан Совиэшу нарын харилцаа оргодол боол Раштагийн ордонд ирснээр хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлдэг.

The Walt Disney Company Korea компанийн Солонгосын уран бүтээл хариуцсан хэлтсийн дарга Чой Ён-у уг бүтээлийг энэ жилийн хамгийн том сорилтуудын нэг байсныг онцолжээ.

Тэрбээр “Барууны хэв маягтай орчин, романтик болон уран зөгнөлт төрлийг хослуулсан өвөрмөц зохиолыг дэлгэцийн бүтээл болгох амаргүй байсан. Гэсэн хэдий ч бид энэ сорилтыг даван туулж, дэлхийн 90 орчим орны үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа” хэмээн “Disney+” платформ Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа эхлүүлсний таван жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан байна.

Арваннэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийсэн тус цуврал эхний гурван хоногтоо дэлхий даяар цуглуулсан үзэлтийн тоогоороо “Disney+”-ийн өмнө нь бүтээсэн Өмнөд Солонгосын бүх цувралын амжилтыг давжээ.