“Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн залилан мэхэлсэн үйлдлийг дахин шийдвэрлүүлэхээр болов. Тэрбээр гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн, “Иктае” компанийн ерөнхийлөгч Ким Кэа Баум, “Воннам Жи Эл Эс” компанийн захирал Ли Жон Соб нартай хамтран “Евро-2” дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор Вьетнамын үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг шатахууны сав суурилуулж, “Евро-5” гэсэн наалт наан Монголд оруулж ирэн төрөөс санхүүжилт авсан үйлдэлд холбогдсон. Хуурч, төөрөгдүүлсэн уг үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан хэмээн анхан болон давж шатны шүүх үзэн залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэж Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтан Ч.Мөнхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасан, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноов.
А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг залилах гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн юм. Улмаар А.Ганхуягийг 40, Ж.Эрдэнэбатыг 20, Ли Жон Собыг 30, Ким Кэа Баумыг 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, 3-6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд А.Ганхуяг Солонгосын иргэдээс өөрт учирсан хохирлыг гаргуулах талаар хүсэлт гаргаснаас гадна хурлын төгсгөлд хэлсэн үгэндээ “Би шувуу болж нисээгүй, бүргэд болж эх орондоо ирээд, солонгосчуудыг авчирч монголчуудаас уучлалт гуйлгаад хэргээ шалгуулсан. 90 гарсан ээжтэй минь уулзуулж өгөөч” гэсэн. Харин шүүх Ли Жон Соб, Ким Кэа Баум нараас хохирол, төлбөр гаргуулах асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Өөрөөр хэлбэл, улсад учруулсан хохирол 88 тэрбум төгрөгийг А.Ганхуяг бүх хөрөнгөөрөө төлсөн бөгөөд хамтран хэрэг үйлдсэн шүүгдэгч нараасаа түүнийг гаргуулах асуудлыг иргэний хэрэг гэж дүгнэжээ.
Шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон үйлдэлд оноосон нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, мөн хугацаагаар хорих ба хоригдох ялаа эдэлж дууссаны дараа 40 сая төгрөгөөр торгох шийтгэлээ төлж барагдуулахыг даалгав. А.Ганхуягийг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр батлан даалтад гаргасан ба түүнээс хойш тэрбээр хорих ялаа эдлээгүй, гадуур байгаа юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!