“Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй бизнес эрхлэлтийг дэмжих экосистемийн замын зураглал боловсруулах зөвлөлдөх уулзалт”-ыг “Тэгш хүртээмж Итгэл үндэсний зөвлөл"-өөс зохион байгууллаа.   Уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй санхүүжилтийн хүндрэл, зээлийн барьцаа хөрөнгө, орлого нотлох шаардлага, санхүүгийн мэдээлэл, боловсрол болон банкны салбар, цахим үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтран боловсруулах зорилготой юм. Зөвлөлдөх уулзалтад Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан оролцож, “Зээлийн батлан даалтын сан: Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг банкны санхүүжилттэй холбох гүүр” сэдвээр илтгэл тавилаа.

93e632e794094d0d9febe9d49bc32a27f2bd912ecb624b55a75d51d9840a5e7c   Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэн байна. Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан цагаасаа хойш хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй аж ахуйн нэгжийн 339.6 тэрбум төгрөгийн зээлд 177.1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, санхүүжилт авах боломжийг бүрдүүлжээ. Цаашид батлан даалтын бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн хамрагдалтыг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг илтгэлдээ онцоллоо.   Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран холбогдох шалгуур, шаардлагыг хангасан иргэн бүр батлан даалттай зээлд хамрагдах боломжтой. Харин санхүүгийн мэдээллийн хүртээмж, зөвлөгөө авах боломж, банкны үйлчилгээний орчин зэрэг нь санхүүжилт авахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг хэвээр байна.   Иймд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мэдээлэл, зөвлөгөө авах боломжийг өргөжүүлэх, эрсдэл хуваалцах механизмыг боловсронгуй болгох замаар хүн бүр бизнес эрхлэх, хөгжих тэгш боломжтой орчныг бүрдүүлэх нь чухал юм.