БНХАУ-д анхлан тарсан коронавирус дэлхий нийтийн түгшээж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 106 оронд тархаж, 11 гаруй иргэн уг өвчний вирусаар халдварлажээ. Мөн БНХАУ-ын хувьд бүх мужаас нь уг өючний вирус илэрсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Онц байдал зарласан. Манай улсын хувьд халдвар тархах эрсдэл өндөртэй орнуудын нэг. Урд талаараа БНХАУ хиллэдэг нэлээд хэдэн боомтуудтай. Хэдийгээр манайх хилээ хааж, зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа ч өвчин нууц үедээ агаар дуслын замаар халдварлаж байгаа нь аюул ойрхон байгааг сануулсаар, иргэд ч эрвийх дэрвийхээрээ хамгаалсаар.
Халдвар тархаж эхэлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас маск зүү гэх зөвлөмжийг өгсөн. Харамсалтай нь зөвлөмж гарсан даруйд монголчууд маскны эрэлд гарч, улс орон даяараа хомсдолд оров. Манай улсад цөөн хэдэн маскны үйлдвэртэй. Нэг нь БНХАУ-аас түүхээ эдээ авдаг тул олноор үйлдвэрлэх боломжгүй болж, нөгөөх нь үйлдвэрийнхээ бүрэн хүч чадлаараа ажилласан ч эрэлт хэрэгцээ хангаж чадахгүй байгаа юм.
Тиймээс гадаадад байгаа монголчууд эх орон руугаа өөр өөрсдийн хэмжээгээр маск хүргүүлж эхэлсэн. Мянга нь мянга, зуу нь зуугаараа явуулсан ч тэдний тусламжийн “сайхан сэтгэл” гааль дээр гацчихжээ. Татвар нэхэж, тусласан хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж байгаа талаар иргэд манай сайтад мэдээлсээр байна.
Тодруулбал БНСУ-ын Hanyang их сургуульд суралцдаг хэсэг монгол оюутнууд ажил хийж олсон мөнгөнөөрөө 3000 маск авч монгол руу явуулжээ. Тэдгээр оюутнууд эдгээр маскнуудаа үнэгүй тараахаар бэлдэж. Гэтэл Буянт-Ухаагийн гааль дээр хураагаад авчихсан байна. Зөвхөн тэд ч гэлтгүй дэлхийн бусад оронд ажиллаж, амьдардаг монголчуудын “сайхан сэтгэл” ч бас тэнд хураагджээ.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гааль дээр макснуудыг хурааж, татвар нэхэж байгаа талаар дуулгасан. Гэвч гаалийнхан тусламжаар ирж буй маскнуудад хэн нэгэн татвар төлөхийг хүлээсээр байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!