Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 13 давхараас 22 настай Ц унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.

 

Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд хэргийн сэжигтнээр татан шалгасан. Хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм.

 

Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэгвэл О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ. 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 /Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/, 11.7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 /зодсон /-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Боргилд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ.

 


Улмаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг /2020-02-03-ны өдөр/ явуулсан байна. Шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 13 өдрийн 10:00 цагт хийхээр товлосон байна.