Хар тамхи наймаалсан хэргээр буруутгагдсан С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.02.03/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.  

 

Тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмаад зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнэд таван  жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хэргийг эргэн сануулахад, “Мөсний хатан” гэх нэрээр хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид арванхоёрдугаар сарын эхээр хил дээрээс саатуулсан байдаг.  Тэрбээр хар тамхи худалдсан хэргээр шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан бөгөөд ьүүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял эдэлж байжээ.