Салхитын ордын хэргийг шийдвэрлэхдээ хахууль авсан шүүгчдэд холбогдох 15 хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

 

Ордын маргааныг шийдвэрлэснийхээ хариуд нэр бүхий зургаан шүүгч 10-180 сая төгрөгийн авлигал авсан хэрэгт холбогдсон юм. Тэднээс Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-д эмчлүүлэхээр өнгөрсөн 9 дүгээр сард яваад өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй учраас түүний хэргийг тусгаарлажээ.

 

Уг ордын эзэмшигчид хоорондын маргааныг шүүхээр хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар холбогдон шүүгдэж байгаа юм.

 

Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгчдэд хахууль өгсөн Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан хошууч Г.Алтан-Очир нар холбогдоод байгаа билээ.