“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт коронавирусын халдвар, тархалтаас сэргийлэх ажилд 24 цагийн турш тасралтгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас хэрэглэл авахад зориулж хувиасаа 30 сая төгрөг хандивласан. Тэгвэл хандивын аян үргэлжилсээр байна. 


Тодруулбал МУГТ, Далай даян, дархан аварга иргэн Г.Өсөхбаяр өнөөдөр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт өгсөн бол Улаан загалмай нийгэмлэг нь коронавируст халдвар (COVID-19) өвчлөл Дэлхий дахинд ид дэгдэлтийн үед эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч болон нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болгон 3000 ширхэг нэг удаагийн маскны тусламж үзүүлж ЭМЯ-ны удирдлагуудад гардуулан өгсөн байна. 


Түүнээс гадна СОVID-19 өвчлөлийн вирусийг Монгол улсдаа оруулж ирэхгүй, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эксклюзив брэнд оёдлын үйлдвэр нь өөрсдийн нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдээ зориулан 1000 ширхэг маскны бүрэн бэлэн болсон эсгүүр болон эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагч мэргэжилтнүүдэд зориулсан хамгаалалтын хувцас зэргийг Эрүүл мэндийн яаманд өгч туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна.