Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээнэ. Хөдөлгөөнийг нээснээр 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорих тоон судалгаа гарсан. 


Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг өглөө


-    Энэ өдрүүдэд замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал өндөрсөх учир цагдаагийн алба хаагчид нийт 98 цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллана.


-    Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд орон нутгийн замыг бүрэн хяналтад авсан. Нийт 65 байнгын пост хяналт, шалгалтаа гүйцэтгэнэ. 
 


-    Зөөврийн хурд хэмжигчийг дараалан байрлуулсан.

 

-    Хөдөлгөөнт  байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулна.

 

-    Пост бүр дээр Эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд нэг пост дээр нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. 

 

-    Тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлнэ.

 

-    Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллын постууд нэг гарцтай. Тиймээс тухайн пост дээр ачаалал үүсэхийг анхааруулж байна.

 

-    Тухайн үед тодорхой хэмжээнд хөдөлгөөний удаашрал нэмэгдэх учир энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, урсгал сөрөх, урдуур дайрах гэх мэт зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

 

-    Баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо дээр нийт зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн бөгөөд суудлын болон ачааны машиныг өөр өөр эгнээгээр нэвтрүүлнэ. 

 

-Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учир замын ачааллаас шалтгаалан Улсын онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас цаг тухайд нь хөдөлгөөн зохион байгуулалт дээр шийдвэр гаргаж ажиллана.

 

-Тухайлбал, аймаг дүүргээс гарах гэж буй тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, цагийн зайтай гаргах арга хэмжээ авна.