Коронавирусийн халдвар авсныг нь тогтоосон, Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ. Түүнтэй онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан зэргээр нэгдүгээр хавьталд орсон 126 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Одоогийн байдлаар дээрх иргэний биеийн байдал хүндэвтэр, давтан болон нарийн шинжилгээнүүдийг аваад байна.
Франц улсын иргэн анх тусгаарлагдахдаа болон ХӨСҮТ-д ирэхдээ ихээхэн бухимдаж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг үл тоож байжээ. Харин бол одоо манай эмчилгээ үйлчилгээнд найдаж, итгэж байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр эмчилгээ үйлчилгээ хэвийн хийгдэж байгаа ч сэтгэл санааны хувьд тогтворгүй байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол улсыг зорьж ирчихээд халдвар тараачихлаа, энэ талаар Франц улсад их яригдаж байна гэж ихэд санаа зовж байна. Харин ХӨСҮТ-ийн эмч нар монголчууд таныг ойлгож байгаа. Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Энэ бол хувь хүнтэй холбоотой асуудал биш гэдгийг ойлгуулж, тайвшруулж байгаа. Хэрвээ тухайн иргэний сэтгэл санаа нь тогтворгүйтвэл дархлаа нь муудаж, эмчилгээний үр дүнг унадаг. Гэхдээ өвчтөний сэтгэл эргэнэ гэдэг маш том ахиц, дэвшил" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!