Улсын онцгой комиссын шуурхай штабын 9 ажилтнаас коронавирусний халдвар илэрлээ. Энэ асуудлаар шууд тодруулж байна.


ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: 

УОК-ын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөлөх болох 100 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагчид жил гаруй хугацаанд коронавируснээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэсэн.   

Коронавирустэй тэмцэх стратеги төлөвлөгөө гэж гарсан. Энэ төлөвлөгөөнд тодотгол хийхээр 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч энэхүү ажлын хэсгийн 9 гишүүнээс коронавирус илэрсэн.  Тиймээс халдвар илэрсэн ажилтнуудаа эмнэлэгт хэвтүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авсан.

Ард иргэдэдээ хэлэхэд, Шуурхай штабын бүрэлдэхүүн уртасгасан цагаар өдөр, шөнөгүй ажиллаж ирсэн. Ихэнх албан хаагчид өнгөрсөн онд ээлжийнхээ амралтыг аваагүй. Тиймээс эдгээр хүмүүсийг амарч, зугаалж яваагүй гэдгийг залруулж байна гэлээ.