Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Өнөөдөр 285 буюу Монгол улсад коронавирус бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр тохиолдлын тоо бүртгэгдлээ. Халдварын тоо эрс нэмэгдэж, ногоон бүс байсан аймгууд шар бүс рүү шилжиж, халдварын нөхцөл байдал улс даяар хүндэрч байна.

Засгийн газрын зүгээс аль болох хөл хорио тавихгүй байх чиглэлийг баримталж байгаа. Гэвч дэлхийн улс орнуудад халдварын голомтыг хумих хамгийн найдвартай арга нь хөл хорио гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Хэрэв ард иргэлд нэг дор олуулаа цугларахгүй, максаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, агаар сэлгэлтийг тогтмол хийж, гараа угааж, ариутгал халдваргүйтлийн дэглэмээ чанд барьж чадвал хөл хорио тогтоохгүйгээр коронавирусний тархалтыг бууруулж чадна.

Энд хэд хэдэн зүйл дээр тодруулга хийе. Улаанбаатар хот  тэр чигээрээ голомт болсон. Хүн амын дунд халдвар өргөн тархлаа. Тиймээс аль нэг хороог цохон тэмдэглэхгүй байгаа юм. Учир нь та Улаанбаатар хотод амьдардаг л бол хаанаас ч халдвар авах маш өндөр эрсдэлтэй гэдгийг ойлгоорой” гэв.