Улаанбаатар хотыг цэвэр усаар хангаж байгаа шугамыг дайруулан барилга барьж байна...

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Цагдаагийн академийн ард Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг гол судас болох 600 мм шугам байрладаг. Энэ шугамыг дайруулан  "Баганат өргөө" ХХК-ийн захиалгаар "Гёо канон" компани өнгөрсөн сараас барилгын ажил явуулж эхэлжээ. Гэвч  "Гёо канон" компанийнхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй гэх уг барилгын ажлыг хийх явцдаа шугамыг гэмтээжээ. Улмаар УСУГ-аас уг шугамын засварласан ч өнгөрсөн амралтын өдөр дахин барилгын ажлаа эхлүүлсэн байна. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд барилга байгууламж нь хотын төвийн төвлөрсөн системээс 5,5 метрээс багагүй зайд баригдах ёстой. Гэтэл уг барилга бараг нийслэлийн хүн амын 60-70 хувийг цэвэр усаар хангадаг шугам дээр баригдаж байгааг УСУГ-ынхан хэлж байна. 

УСУГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Солонго:

 - Энд 270 айлын барилга баригдана гэж байна. Гэвч манай газар доорх шугам насжилт өндөртэй. Хаана, хэзээ гэмтэхийг тааж мэдэхгүй. Хэрэв энэ шугам гэмтвэл Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүргийн иргэд төдийгүй Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг усгүй болно. Тэр үед хэн бурууг нь хүлээх вэ. Энэ асуудал дээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Хотын Ерөнхий төлөвлөгөөний газар анхаарал хандуулмаар байна гэлээ.