Сошиал ертөнцийг нэг хэсэг шуугиулсан, Үндэсний телевизээр гарсан мэдээг нь сая гаруй хүн үзсэн нөгөө том од Борхүү чинь ийм өндөр болжээ. Адуу үхрийн дайтай өндөр биетэй, эвэр нь сэрийсэн сүрлэг амьтан болж.

Дөнгөж 2 нас хүрч байгаа ч хангайдаа байгаа чацуутуутнуудаасаа илүү биерхүү гэдгийг Борхүүгийн аав Доржхорлоо гуай болон ах дүү нар нь ярьж байх юм.

Бие нь өсгөлүүн ч санаа нь нялхаараа хөөрхөн Борхүү хоол нэхээд л, дуртай боорцгоо нэхэж, дагаад л, өхөөрдөм хэвээрээ.

Эврийнх нь гадуур бүрхсэн бор үс унаж, ясан эвэр нь цухуйчихсан, ойртсон болгонд эврээ өгөөд л, маажуулах гэж эрхэлж байгаа нь эгээтэй л хүүхэд шиг, өхөөрдөм...

Хээрийн зэрлэг амьтан хэдийгээр хүнд ээнэгшин дассан ч будан суусан бугын дуудлагатай намраар гэр, хотондоо хоргодон хоргодон холдсоор хангайгаа зорьдог гэдэг.


Борхүүг энэ намрын бугын дуудлаганаар явчих вий гэсэн эмээлт эжий аав хоёрт нь байсан гэсээн. Гэтэл гэрээсээ огт холдолгүй, хотондоо хонь, үхрийн сүрэгтэй холилдож, наадан намаржлаа гэнэ.

Аргаггүй дээ, нялх амьтан шүү дээ.

Энэ жилдээ ямартай ч явсангүй, эжий аав хоёртоо эрхэлж тоглоод л өвөлжих нь. Хойтон бугын дуудлаганаар харин хангайгаа зорих байх даа Борхүү.

Усны дусал шиг мэлтэгнэсэн нүд нь гүн хар хөх өнгөтэй болж, борхон хөөрхөн зүс нь сааралдуу болж, толгой гэдгэр, эвэр нь сэрийгээд, тээр дээгүүр хараад буй мэт сүрлэг амьтан болжээ.

Хөл шилбэ нь зорсон мэт уран нарийн, үзэсгэлэнтэй хэр нь тун ч сүрлэг амьтан юм.


Ийм сайхан амьтныг үр шигээ хайрлаж, өсгөн торниулж буй аав ээж хоёрт нь талархан, хайрламаар, Монгол хүний халуун сэтгэл ийм л сайхан даа.

Хойтон намар л хангайн сүрлэг буга, сүргийн манлай болно доо Борхүү маань.

Тэр цагт өсгөж өндийлгөж, хайрлан тэтгэсэн аав ээж, ах дүү нараа орхиод одох байх даа.

Борхүүгийн тухай бодох ч гэгээн, сайхан шүү. Бодол хөвөрсөөр л...


                                                                                                                                                  Б.Мөнгөлөг