Ковидын нөхцөл байдлын улмаас 2 болон 3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.  Тэгвэл хүүхдүүдийн дунд бүртгэгдэх халдварын түвшин буурч байгаа  учир ирэх 11 дүгээр сарын 1-нээс дээрх настнуудыг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Л.Энх-Амгалан: 

- Одоогийн үйлчилж байгаа хуулиар 2,3,4,5 настнууд бол цэцэрлэгийн насных. Өнгөрсөн 9 дүгээр сарын нэгэнд  нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байсан учир 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулаагүй. Харин одоо хүүхдүүдийн халдвар буурч 18 хувь болсон байна.  Өнгөрсөн хугацаанд 0-18 насны хүүхдүүдийн 90 хувь нь томуугийн вакцинд хамрагдсан. Энэ нь халдвар буурах нөхцөлийг бүрдүүлсэн байх талтай. Тиймээс УОК-оос тун удахгүй эрсдэлийн үнэлгээ хийх гэж байна. Хэрэв үнэлгээгээр эрсдэлгүй гэж дүгнэвэл ирэх 11 дүгээр сарын 1-нээс 2 болон 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ.  Боловсролын багц хуульд 2 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байхаар заасан. Учир нь жилд 40 орчим мянган 2 настан намар  цэцэрлэгт хамрагддаг. Гэвч хавар нь 10 орчим мянган 3 настай хүүхэд л цэцэрлэгээ төгсдөг. Өөрөөр хэлбэл 4 хүүхэд тутмын 3 нь цэцэрлэгээсээ гардаг. Тиймээс сургуулийн өмнөх 4,5 настнуудаа цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд ийн хуульчилсан” гэлээ.