Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлсэн ажлуудын нэг нь ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах асуудал байлаа. Цаг үеэ мэдэрсэн, чухал шаардлагыг хангасан энэ ажил өнөөдөр үр дүнгээ нэгтгэж байна. Хичээлийн шинэ жилээс эхлэн ажилласан сэтгэл зүйчид өнгөрсөн хугацаанд 74 онцгой кейсийг зогсоож чаджээ. Кейс болгоны ард сэтгэл гутрал, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн таагүй уур амьсгал бий. Түүгээр ч барахгүй амиа хорлох хэмжээнд хүртэл хүндэрсэн кейс байсан гэхээр сэтгэл зүйчид 74 хүүхдийн ирээдүйг бага ч гэсэн гэрэлтүүлж, бяцхан зүрхэнд нь амьдрах итгэл хайрлажээ. Энэ бол том амжилт.

Талархах сэтгэгдэл төрөхийн хажуугаар таагүй бодлууд ч урсана. Учир нь тус төсөл Архангай, Булган, Хэнтий, Хөвсгөл, Ховд зэрэг 5 аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийт 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад нийт 64 мэргэжилтэн “Боловсролын сэтгэл зүйч”-ээр ажиллажээ. Сэтгэл зүйч ажиллаагүй сургуулиудын хүүхдүүд хаанаас тусламж авч, хэндээ ярьж, хэрхэн асуудлаа шийдэж байгаа бол...!
Өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор дээр “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц сургуулиуд болон болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажилласан сэтгэл зүйчид цугларч үр дүнгээ ярилцахын зэрэгцээ харилцан туршлага солилцлоо. Энэ үеэр цаашид боловсролын бүх байгууллага ялангуяа ЕБС-д сэтгэл зүйчид үргэлжлүүлэн ажиллаж, эх орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зөв гэдгийг нэгэн дуугаар хэлж байсан юм.

122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн:
- Боловсролын сэтгэл зүйч энэ жил ажилласан. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйч маань маш олон асуудлыг шийдэж чадсан. Манай сургуульд зоритод бүлгийн хүүхдүүд цөөнгүй бий. Бүтэн болон хагас өнчин хүүхдүүдээс эхлээд хөдөө орон нутгаас шилжиж ирсэн айл өрхүүдийн хүүхдүүд нэлээд байдаг. Цар тахлын улмаас 2 жил гэртээ байсан хүүхдүүдэд суралцахуйн хоцрогдлоос гадна сэтгэлгээний хоцрогдол их байсан. Тэдгээр хүүхдүүдтэй нэг бүрчлэн ганцаарчилсан уулзалт хийж, сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн гэлээ.
ҮР ДҮНГ ТОВЧХОНООР ДУРДВАЛ
• ЕБС-дад боловсролын сэтгэл зүйч ажилласнаар нийт давхардсан тоогоор 74 000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэв. Тэдний 53 мянга орчим нь сурагч, 13 447 нь эцэг эх, 7 535 нь багш ажилтан байна.
• Таван ментор сэтгэл зүйчийг ажиллуулж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, кейс илрүүлэлт, холбон зуучлах үйл ажиллагааг чиглүүлж, онцгой кейс 74-ийг илрүүлж холбон зуучлах үйл ажиллагаа явуулснаар эрсдэлт үйлдэл болохоос урьдчилан сэргийлж чаджээ.
• 2021 онд ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын их дээд сургуульд элсэлтийн шалгалтын өмнөх стресс менежмент, шалгалтын үеийн сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх, “Ковид-19” халдварт цар тахлын сурагчдад үзүүлэх сэтгэл зүйн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор сурагчдад чатбокс үйлчилгээ үзүүлсэн.
Сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэл зүйн анхан шатны тест оношилгоог цахимаар хийх, шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйн болон бусад мэргэжлийн үйлчилгээтэй холбон зуучлах зэрэг ажлыг богино хугацаанд цаг үеэ мэдэрч түргэн шуурхай зохион байгууллаа. Нийт 1300 гаруй сурагчдад сэтгэл зүйн тусламж-үйлчилгээг хүргэлээ.
.• “ТХБ-II” төслөөс боловсролын сэтгэл зүйчдийн сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд 60 сая, 25 сургуулийн 26 сэтгэл зүйчийн өрөө тасалгааны тохижилт, тоног төхөөрөмжид зориулж 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 180 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүллээ.
• 26 сэтгэл зүйчийн цалин, урамшууллыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж одоогийн байдлаар 130 гаруй сая төгрөг зарцуулаад байна.
• ШХА, “ТХБ-II” төслийн дэмжлэгтэй “ЕБС-ийн багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид үзүүлэх нийгэм сэтгэл зүйн үйлчилгээний талаар баримтлах бодлого боловсруулах” олон талын төлөөлөл бүхий БШУЯ, Боловсролын хүрээлэн болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /хуучин нэрээр/ Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг ТББ, “Бадамлин” ТББ, Сэтгэл судлалын үндэсний төв, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Гэр бүл анхаарлын төвд” сэтгэл зүйн төв, “Мета” сэтгэл судлалын хүрээлэн зэрэг төр, төрийн бус байгууллага тууштай хамтран ажиллаж байгаа нь энэхүү үйл ажиллагааг тогтвортой үргэлжлэн тасралтгүй ажиллахад таатай нөлөө үзүүлж байна.








АНУ-д гарсан ноцтой хэргүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн чанар үр дүнг сайжруулах талаар сенатын гишүүд хөндөх болжээ . Учир нь АНУ-д сэтгэл зүйчдийг сургууль коллежэд, их сургууль ажиллуулдаг ч үр дүн сайнгүй байгаа учраас тэр юм.
Энэ ажлыг хийх гэж багш нарыг хичнээн цагаар илүү ажиллуулсан бол доо