Өнгөрөгч 24-хөн цагийн хугацаанд барилгын талбай дахь ослоор 2, усны ослоор 1, нийт 3 хүн зуурдаар нас баржээ. 

Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Тосон багийн “Долоон булаг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т/ тогтоол усанд 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 16:10 цагт хүлээн авчээ. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэн М /9 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12:05 цагт ангиас гарч 6 км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн 1 метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.