Үндэсний бөхийн тавын давааны барилдааны өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ЗХУ-ын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор домогт бөх Хорлоогийн Баянмөнх зодог тайллаа. Тэрбээр зодог тайлсныхаа дараа Монголын ард түмэндээ хандаж үг хэллээ.
Х.Баянмөнх:
- Засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгөөд, сайхан ёслон тэмдэглэж байгаад би их баяртай байна. Өнөөдөр дахин ногоон зүлэгт талбай дээрээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй боллоо гэсэн хөнгөн мэдрэмж надад төрж байна. Гэхдээ би өөрөө өөртөө хатуу санамж үг хэлж байна. Чи 13 настайдаа бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, энэ ногоон зүлгэн дээр чи 68 жил хүчээ үзлээ. Ханатлаа барилдлаа. Дэлхийд монгол бөхийнхөө нэрийг ханатал нь мандууллаа. Шинжлэх ухаан, шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ. Болоо юм биш үү чи гэж өөртөө хэлээд, зодог тайлахаа хүлээн зөвшөөрч байна.
- Цаашдаа миний Монголын ард түмэн сайн сайхан сэтгэлээр өвөг дээдсийнхээ үлдээсэн өв уламжлал, дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй авч явж, Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ их өв соёлыг чамбайхан, чансаатайхан авч явна гэж би найдаж байна. Олон түмэндээ эрүүл энх байгаарай, сэтгэл санаа сайхан байгаарай.
- Бусдын сайн сайханд баярлаж, талархаж яваарай. Санааныхаа зоргоор амьдардаг хорвоо учраас сайхан санаатай яваарай гэж ерөөгөөд, ард түмэндээ үүрд мөнх та бүхэн жаргал цэнгэлтэй баярлаж яваарай гэж ерөөе гэлээ.








өвгөдөөс үг сонс хүүхдүүдээ энэ сайхан буурайгийн энэ сайхан ерөөлийг санан санан хүндэтгэн дагаж байгаарай сайхан сургаалаа хайрлаж байгаа нэрээ мөнхөлсөн их аврагадаа улам их урт насалж удаан жаргаарай гэж ерөөе
Үнэнхүү их аварга.
Одоо цаг үед амьдарч хурмастын тоосыг хөдөлгөж байгаа бүх Монголчуудын бүгдийнх нь аав. Ёстой алт шиг үнэн үг хэлсэн. Гэвч илжигнүүд нь сэгсэрчихнэ, ашиглаж чадах нь ёстой гарын ганц хуруунд биз.