Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 564 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 9 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

- Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай лофт” клубд 2022 оны байдлаар гарсан гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, байгууллагын алба хаагчдад эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг авч ажиллах талаар “Ундрах сүүн далай” ХХК-д;

- “Чоко” баарны хамгаалалтын ажилтан У нь хамгаалалтын үүргээ гүйцэтгэхдээ үйлчлүүлэгчийн биед халдсан, зүй бус харьцсан гэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар “Чоко клаб энтертаймент” ХХК-д тус тус хүргүүлжээ.