Засгийн газраас “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны үед гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлэхээр болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Х.НЯМБААТАР:
- Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байгаагаас 7 нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байсан хүн байна. Эдгээр хүмүүс дээр иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар нэмэгдэнэ. Учир нь энэ хоёр хүн нь яллагдагчаар татагдахаас өмнө хилээр гарч явсан учир оргон зайлсан гэж шууд үзэх боломжгүй. Тиймээс АТГ-ын удирдлагуудтай дээрх хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болсон. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа явуулах болно. Ингэхээр 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.
- Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлсэн. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна гэсэн агуулгатай. Дээрх хүмүүсийг хилээр гарч орохыг нь хориглочихоод байхад гадаад улсад зорчсоор байна. Тиймээс гадаад паспортын хөдөлгөөнд нь хязгаарлалт тавих боломжийн талаар мөрдөгчийн саналаа ирүүлээч гэсэн. Хэрэв прокурорын байгууллагаас мөрдөгчийн санал ирүүлбэл ХЗДХЯ-аас Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа дээрх иргэдийн гадаад паспортыг нь түдгэлзүүлэх арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлнэ.
- Монгол Улс өнөөдрийн байдлаар 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй. Өнөөдрөөс тэдгээр орнуудад дахин хандана. Нэр дурдагдсан хүмүүсийг аль улсад амьдарч байгааг ерөнхийд нь мэдэж буй. Эдгээр хүмүүсийн нэрсийг ил зарлах боломжтой.
- Эрэн сурвалжиж байгаа 90 хүнээс Интерполын улаан буланд 22-ыг нь, үлдсэн хүмүүсийг нь хөх буланд зарласан. Бараг бүх хүмүүсийг нь хаана амьдарч байгааг нь мэдэж байгаа учраас тухайн улсуудтай нь хамтарч ажиллах боломжтой. Бусад орнуудын туршлагаас судалсан гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!