Хэдэн жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас олгосон зээл олны анхааралд өртсөн. Тэрхүү дуулианаар хэд хэдэн улстөрч болон улс төрийн албан тушаалтнууд авсан зээлээ хугацаанаас нь өмнө хаасан. Гэвч зарим нэг нь хараанаас мултарч үлджээ. Авсан зээлээ өнөөг хүртэл төлөөгүй байна.
Шилэн ажиллагааны хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжих сангаас зээл авсан иргэдийн мэдээлэл ил болсон. Дээрх мэдээллээс шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлж байсан “Гранд Степп” ХХК компанийн авсан зээл “Муу зээл” ангилалд оржээ.
Б.Хурц дээрх зээлийг 2018 онд авч байжээ. Өөрөөр хэлбэл, ТЕГ-ын даргын албан тушаалаасаа буусны дараа өөрийн хамаарал бүхий компанидаа гурван хувийн хүүтэй 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Харамсалтай нь тэрбээр хаа ч байхгүй бага хүүтэй зээлээ өнөөг хүртэл бүрэн төлж дуусгаагүй байна. Мэдээллийн сангаас харахад дөнгөж талыг нь төлжээ. Өнөөдрийн байдлаар тус 870 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Гранд Степп” ХХК-ийг 2006 оны есдүгээр сарын 20-нд Гадаад худалдаа, Хэвлэлийн эх бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5084504 регистрийн дугаараар Улаанбаатар, Хан-Уул, 11-р хороо, нэг тоот хаяг дээр Ү.Сарнаа гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ. Ү.Сарнай нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр юм.
Сонирхуулахад, Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа ХОМ-ээ дараах байдлаар мэдүүлж байжээ. Өөрийн орлого нь жилд 36 сая, гэр бүлийн орлого нь 17 сая төгрөг, 5.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, үйлчилгээний газар, өвөлжөө, хаваржаатай, 1432 м2, ашиглах 70 га, 50 га бүхий 56 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн газартай, 60 сая төгрөгөөр үнэлэгдэх 120 үхэртэй, 135 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн 53 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн автомашинтай, Худалдаа хөгжлийн банканд 99 сая төгрөгийн зээлтэй, “Сарнайх” ХХК, “Гранд степп” ХХК, “Грийн вижитал” ХХК, “Пекасо” ХХК-д хувьцаа эзэмшдэг, хөрөнгө оруулалтын үнэ 76 сая төгрөг гэж мэдүүлж байжээ.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!