Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өрнөсөн асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулсан. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Эдгээр иргэд нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш аж. Харин "Тэнүүн-Огоо" компани, БНСУ-ын "Дэүбас" компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс юм.