Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал эдгээр 25 хүний дөрөв нь гадаад улсын иргэн байгаа аж. 

Шалгагдаж, яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэг нь НЗДТГ хуулийн ахлах зөвлөх Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ. Тэрбээр энэ талаараа цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: 

Ногоон автобусны асуудлаар мэдээлэл гарсан тул тайлбар хийх нь зөв байх гэж бодлоо. Нүүрсний гэх хэргийн "сонсгол"-ын хугацаа дөхөж байна. Холбогдсон том, жижиг нөхдүүд сандарч, Түр хороог ахалж буй хүнд зөвлөхөөр нь дамжуулж сануулга өгөөд байх шиг байна даа. За яах вэ! Үнэн худлын учир удахгүй олдоно. Ер нь би элдэв хулгай, луйвраас хол явж ирсэн, цаашид ч зарчмаа барьж ажиллана гэдгээ энэ дашрамд хэлье.

Тайлбар:

1.НЗД-ын ахлах зөвлөхийн хувьд энэ захирамжийн төслийг хянаж, саналын хуудсан дээр гарын үсэг зурсан. Энэ асуудлаар надаас гэрчийн мэдүүлэг авсан, дараа нь яллагдагчаар татсан.

2.Хотын даргын захирамжид төсөл, арга хэмжээг хууль, журмын дагуу зохион байгуулахыг даалгасан бөгөөд хууль зөрчсөн нэг ч үг үсэг байхгүй! Мөн ТЕГ-аас 2022 оны 8 сард гаргасан дүгнэлт бий. Хотын даргад эрх шилжиж ирсэн олон зуун төсөл, арга хэмжээг энэ мэт захирамжаар цааш нь мэргэжлийн байгууллагууд руу шилжүүлдэг болно.

3.Шинээр авах автобуснуудын техникийн шаардлага өндөр, Евро 5 стандартын автобус байх ёстой байсан. Нийслэлээс баталсан техникийн тодорхойлолтод зааснаас өөр автобус оруулж ирэх, түүнийг нь хүлээж авах боломжгүй! Улсын комисс ажиллаж, хүлээж авдаг журамтай. Хэрэв шаардлага хангахгүй автобус оруулж ирсэн бол нийслэлийн нийтийн тээврийн салбарт бугшсан мафийн болон улс төрийн бүлэглэлээс парк шинэчлэлтийг зогсоох зохион байгуулалттай ажиллагаа байсан гэж хувьдаа харж байна.