Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанд ЦХХХ-ны яамнаас өргөн барьсан “Их өгөгдлийн (BIG DATA) сан” үүсгэх тухай тогтоолийн төслийг баталлаа.
ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ:
- Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болгодог. BIG DATA үүсгэхдээ тухайн иргэнийг тодорхойлох боломжгүй болгож төрийн байгууллагуудын бусад мэдээлэлтэй холбосноор төрөөс гаргаж байгаа зарим шийдвэрийг урьдчилан шинжлэх, дүгнэх боломжийг хиймэл оюун ашиглаж тооцох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар “6.2.5.хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх.” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй байдлаар өгөгдлийн сан үүсгэхийг ЦХХХЯ, И-Монгол академид МУ-ын Ерөнхий сайд Л.Оюн-Эрдэнэ үүрэг болголоо.
Их өгөгдлийн сан үүсгэж мэдээлэлд дүгнэлт хийж шийдвэр гаргалтад ашигладаг дэлхийн улс орнуудын сайн жишээг дурдвал Австрали улс 2015 онд 7 байгууллага (эрүүл мэнд, боловсрол, засгийн газрын төлбөр, орлого, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зэрэг)-ын 18 өгөгдлийн санг нэгтгэж халамжийн нөлөө болон засгийн газрын дэмжлэг, нийгмийн хамгааллын бодлогод ашигласан байна. Мөн Солонгос улс 2017 онд татвар, эрүүл мэнд, халамж, тэтгэвэрийн мэдээллийн сангийн өгөгдлийг нэгтгэн амьжиргааны түвшин, орлого, тэтгэвэр болон татаасын талаарх бодлого тодорхойлоход ашигласан бол 2015 оноос Хүн амын тооллогыг 14 агентлагийн 25 төрлийн захиргааны бүртгэлд суурилсан аргаар явуулдаг болсон байна.
Энэ жишгийн дагуу манай улсад ч түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү, нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу, эсвэл халамж авах шаардлаггүй иргэд халамжид хамрагдаад байна уу, төрийн үйлчилгээ хир оновчтой байна вэ гэх мэт ээр тулгамдсан асуудал шинжлэх ухаанч, судалгаанд суурилсан, оновчтой шийдвэр гаргахад “Их өгөгдлийн (big data) сан” суурь болох юм.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!