Шатахууны нийлүүлэлтийн талаар УУХҮЯ-наас мэдээлэл өглөө.

Ж.ГАНБААТАР: 

- Монгол Улс Ангарскийн үйлдвэрээс АИ-92 автобензин авдаг, 4-5 хоногт орж ирдэг. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрээс ачигдсан 18 мянган тонн АИ-92 шатахуун ирж байгаагаас зарим нь Монголд орж ирээд байгаа, зарим нь замдаа явж байна. 

- Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байхад үнэ нэмэгдэхгүй, цаашид ч өсөхгүй. Шатахууны нөөцийг 2-3 хоногт хангана. 

-  Монгол  Улс АИ-92 автобензинийг "Роснефть"-ээс тонныг нь 705 ам.доллароор авах таван жилийн гэрээтэй, гэрээгээ жил жилээр сунгадаг. Харин шатахууны хомсдол үүсэх нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор ирэх нэгдүгээр сард сайн чанарын евро стандартын АИ-92 төрлийн 15 мянган тонн шатахуун БНХАУ-аас авах гэрээ хийгээд байна. Зөвхөн Ангарскаас төдийгүй ОХУ-ын бусад газраас ч  авахаар төлөвлөөд байна. 

- Энэ сард БНХАУ-аас 31 мянга 500 тонн дизель түлш захиалаад байгаа бөгөөд эхний 5000 тонн нь энэ даваа гарагт Монгол Улсад орж ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. Шатахуун түгээх станцуудад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч цаашид дамлан зарах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна. 

- Дизель түлшийг ОХУ-аас 11 дүгээр сард нэг тонныг үнэ 930 ам.доллароор нийлүүлж байсан бол энэ сард нэг тонныг нь 855 ам.доллароор авч байна.  Харин БНХАУ-аас тонныг нь 1080 ам.доллароор авч байна.