Монгол улсын иргэн бүх хуулийн өмнө эрх тэгш амьдрах ёстой. Иргэд бид цалингаасаа хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлдөг төдийгүй үндсэн ажлаасаа гадуур ажил хийсэн ч уг олсон орлогоосоо хуулийн дагуу татвар төлдөг.

Тухайлбал сард 2 сая төгрөгийн цалинтай хүн 460 мянган төгрөгийг суутгуулж 1,5 сая төгрөг гар дээрээ авдаг. Өөрөөр хэлбэл жилийн 24 сая төгрөгийн цалинтай ч 5,5 сая төгрөгийг татварт төлдөг гэсэн үг.

Худалдаа үйлчилгээний газарт лангуу түрээсэлдэг иргэн лангууны түрээснээсээ гадна татвар мөн л төлдөг. Гэтэл автомашины ченжүүд татвараас зайлсхийсээр байна. Зарим автомашин худалдан борлуулдаг газрууд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслээ вьетнам засвар, бусад авто засварын газраар сэв зураас, эвдрэл гэмтлийг нь засуулаад шинэ машин мэтээр бусдад худалдан борлуулж их хэмжээний ашиг орлого олдог. Тэд үүгээрээ багагүй хэмжээний ашиг олдог. Харамсалтай нь эдгээр автомашины ченжүүд дээрх олсон орлогоосоо огт татвар төлдөггүй. Тэр бүү хэл олсон орлогоо нууж, татвараас зайлсхийсээр байна. Уг асуудлыг Татварын ерөнхий газар анхааралдаа авах цаг болжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн албан татвар төлөгч байна гэж заасан. Албан татвар төлөгч нь үйл ажиллагааны орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого зэргийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй.

Хууль ижил тэгш үйлчлэхгүй байгаагийн тод жишээг дээрх авто машины ченжүүдийн үйлдлээс харж болно. Хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг төлж, үйлчлүүлж байгаа иргэддээ НӨАТ-ын баримтыг олгох ёстой. Тэдний энэ үйлдэл нь татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчлөөс гадна, татвар төлөхөөс зайлсхийж буй гэмт хэрэг юм.