Миний хувьд бага байхын аав ээжийнхээ хүрмийг эвдэж байгаад өөрсдийн өмд, хантаазыг оёод өмсчихдөг, бас болоогүй материал ховор үед ирээн даавуу, хамба хилэн, атласыг ашиглан хувцас хийгээд өмсчихдөг байлаа. Бага байхын оёх өгөгдөлтэй хүүхэд байсан гэх үү дээ. Манайх долоон залуу, хоёр охинтой ам бүл 9-үүлээ өнөр өтгөн гэр бүл. Намайг 18-н настай байхад ээж минь гар хуруу, үе мөчний өвчтэй болоод дүү нарынхаа хувцсыг оёж өгөх ажил над дээр ирсэн. 1988-1990 оны хооронд зах зээлийн нийгэм рүү шилжин орж байсан хүнд үед айл бүр өөрт юу байгаа түүнийгээ ашиглан хувцас оёдог байлаа. Дүү нартаа олон хувцсыг нь өөдөс гололгүй урлаж өгсөн дөө.
Зах зээлийн нийгэмтэй нүүр тулж хэсэг явсан, дээлийн гадар, гутал оёж түүнийгээ мах, сүүгээр солилцдог байсан үе.1994-1995 онд Увс аймгийн Сагил суманд гэрээр захиалга авч оёж эхэлсэн санагдаж байна. Нэг их удалгүй урласан хувцас минь хүнд гологдохооргүй болоод ирэхэд аймгийн төв Улаангом орж, тог цахилгаан бараадаж хийж байгаа зүйлээ өргөжүүлэх боломжтой юм байна гэж харсан.
2000 онд аймгийн төвийн задгай захын хажууд олны хөлийн газар байр түрээсэлж оёдлоо хийж эхлэсэн. Оёдлын машин авч үйлдвэрлэлээ улам өргөжүүлсээр, бага багаар урагшилсаар бодож зорьсон үйл минь улам том болсон юм шиг сэтгэгдэл төрж, өөртөө илүү итгэлтэй болсон.
Орон нутагт ажилласан туршлага дээрээ тулгуурлан тасралтгүй хөдөлмөрлөж их хотод хөл тавьсан. Юм гэдэг амаргүй гарын аяс харан урсгалаараа явах юм бол хүн огт урагшлахгүй. Тийм болохоор би хийж байгаа зүйлээ албан ёсны болгож 2018 онд “Хос хүч” ХХК үүсгэн байгуулан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмсэн.
Тасралтгүй хөдөлмөрлөх нь хүнийг амжилтад хөтөлдөг гэж би боддог. Захиалга, шаардлага нэмэгдэхийн хэрээр бид ч мөн дагаад хөгжиж дэвшиж эхлээсэн. Учир нь исгэлтээ би өөрөө дангаар нь хариуцаж дороо оёдолчид ажиллуулан жижиг хэмжээний кластер үйлчилгээ нэвтрүүлсэн юм. Одоогоор манайх байгууллагуудаас захиалга авч, хариуцлагаа өөрөө үүрч, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна. Манай олон оёдолчид дунд үр хүүхдээ гэрээр хараад ажлаа хийж байгаа хүмүүс, амьжиргааны түвшин тааруу хүмүүс их байна. Тэдэндээ амьдралд нь тус дэм болоод явъя гэж боддог. Бидний ажил улирлын шинж чанартай, давхар зарах бараагаа бодно, баяр наадмаа тохиолдуулан бүтээгдэхүүнээ гаргах хэрэгцээ бий болно гээд. Бид Цагаан сараас нэг сарын өмнө захиалгаа зогсоодог хэдий ч битүүний шөнө л ажлаа дуусгадаг. Миний хувьд “Инвескор ББСБ”-ын “ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-т хамрагдаж хүчин чадлаа нэмэгдүүлэн олон оёдолчин эмэгтэйчүүдийн гар, ур, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэж байгаадаа баяртай явдаг.
Н.Амаржаргал: Хүмүүс ер чаддаг зүйлээ, дурлаж сэтгэлээ шингээж хийвэл хүнд хүрээд л байдаг юм билээ. Бүсгүй хүний хоол, хувцас хоёрт нь сэтгэл нь шингэсэн байдаг гэдэг үнэн юм да.
Нас минь ч явж байна, нүд сайн харахгүй болж эхэлж байна. Оёдол хийж хийж байгаад иргээд харсан чинь энэ бүхнээ ингээд хаячихвал хайран юм шиг санагдаад, мөн энэ олон жил надад суусан ур чадвар гэж бий, арга технологи гэж бий түүнийгээ заавал өвлүүлэх ёстой юм байна. Тийм болохоор нөхрийнхөө нэг дүү, өөрийн эгчийнхээ нэг дүүг шавиа болгон сургаж байна. Нэгэнд нь Шилбэ хадахаас эхлээд зааж байна, харин хоёрдох нь Урлах Эрдэм Дээд Сургуульд сурч байна. Онол гэж цаг алдсанаас илүүтэй хүн практик дээр сайн сурдаг гэж би хувьдаа боддог. Тийм болохоор нэг жилийн хичээлийн чөлөө аваад практикийг нь өөрт өгч дадал болгож байгаа юм. Дадал бий болсон хүүхдэд юм заах хялбар байдаг. Идэвхтэй, хичээнгүй хөгжих нь амар гэж үзээд хүүхэдтэйгээ өөртөө нь ярилцаад, нэг жил оёдлын машинтай хэрхэн харьцах, хэрхэн оёх, захиалга яаж авах гээд олон талын мэдрэмжтэй болох талаас ажиллаж байна. Энэ бүхний дараа сургуульдаа сурвал илүү үр дүнтэй, хурдан ажлын талбар дээр гарч өөрийн арга техникийг үзүүлнэ.
Н.Амаржаргал: Хүн ерөөсөө урсгалаараа явж болохгүй заавал өөрийн гэсэн онцлогтой зүйлийг гаргаж ирж бусдад таниулах хэрэгтэй. Тэгж байж үйлчлүүлэгчтэй болно.Олон жилийн ажлаа бодохоор би чинь урьдчилаад Кластер үйлчилгээ хийж байсан юм байна. Одоо үүнийгээ цахим хэлбэрт оруулах, оюуны өмчөөр патентлуулах, брэнд үүсгэх, албан ёсны болгож, сурталчилан таниулах ажлууд хүлээгдэж байна. Энэ ажлыг хоёр шавь минь үргэлжлүүлэн аваад явна гэдэгт итгэлтэй байна.
Миний хувьд баруун аймгийн бага ястан хүн өөрийн нутгийн онцлогийг харуулсан мөн үндэстэн ястны хувцасны ялгааг харуулсан сайхан дээл хувцас хийх юмсан гэж олон жил бодож байна. Чаддаг ажлаараа олон хүнд хэрэгтэй зүйл хийж үлдээх, үндэсний өв соёлоо ирээдүй хойчдоо ойлгуулан таниулах зорилго сэтгэлдээ тээж явна. Ястан үндэстнүүдийн өв соёлыг шингээсэн зарагдах биш сурталчлах зорилгоор дээл хувцас урлах нь олон талын ач холбогдолтой. Орчин үед бүхий л дээл хувцсыг одоо цагийн болгож янз бүрээр л урлаж, өөрчилөж хийж байна. Миний хувьд яг тэр хуучны уламжлалаар нь шаглаа, зүүмэл, оёдлын арга технологийг бүтээх хүсэлтэй байгаа юм. Энэ чинь нүүдэлчин Монгол хүн бидний бусдаас ялгагдах онцлог, олон жил өвлөн уламжилж ирсэн үндэсний соёл юм. Бид хойч үедээ мэдэж сурсан арга технологи, ур чадвараа үлдээхээс гадна, хэцүү үед нэгийгээ дэмжих, хамтдаа хийж бүтээх сэтгэлийг өвлүүлэн үлдээх хэрэгтэй гэж боддог. Төгсгөлд нь мянга мянган оёдолчин эгэл эмэгтэйчүүдийн төлөөл болон та бүхэндээ үйл нь уран байг, үйлс нь өөдрөг байг гэж хүсэн ерөөе.







Тийм шүү. Монгол дээл гээд ерөнхийдөө загвар хөөсөн чамирхсан болоод байна. ҮНДЭСТЭН ЯСТАН БҮРИЙН НУТГИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН УЛАМЛАЛТ ДЭЭЛ ДЭЭЛ ХУВЦАС ГУТАЛ
amjilt husey