Өнөөдрийн (2025 оны 10 дугаар сарын 15-ны) голлох үйл явдлуудын тойм:

Улс төр, гадаад харилцаа

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэнэ.
  • Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Эдийн засаг, нийгмийн бодлоготой холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Байнгын хороод өнөөдөр тус тусын асуудлаа хэлэлцэнэ.

Эдийн засаг, бизнес

  • 09:00 цагт: Европын холбоо–Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум — Шангри-Ла зочид буудалд эхэлнэ. Форумд ЕХ-ны болон Монголын бизнесийн төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцана.

Сэтгүүл зүй, мэдээллийн салбар

  • 08:30 цагт: “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөрийн багш нарын сургалт — Корпорейт зочид буудалд болно. Хөтөлбөрийг их, дээд сургуулиудад нэвтрүүлж буйтай холбогдуулан багш нарыг чадавхжуулах зорилготой.
  • 11:00 цагт: “Эрүүгийн хуулийн 13,14 – Хэвлэл мэдээллийн салбарын байр суурь” хэлэлцүүлэг — МУБИС-ийн номын санд болно.

Сонгуулийн боловсрол

  • 11:30 цагт: СЕХ “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ыг нээнэ — Үндэсний номын санд болно. Сонгуулийн боловсрол, намын санхүүжилтийн ил тод байдлын талаар мэдээлэл хийнэ.

Соёл, урлаг

  • 12:00 цагт: Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” үзэсгэлэнгийн нээлт — Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд.
  • УДЭТ: Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулна.
  • “Нугарсан ч хугарахгүй II” үзэсгэлэн — “Норпэй” арт галерейд энэ сарын 17-ныг хүртэл.
  • “Бий Контемпорари Арт Галерей”-н 5 жилийн ойд зориулсан “40 GHz” үзэсгэлэн үргэлжилж байна.
  • “Улаанбаатар” олон улсын кино наадам — энэ сарын 15-нд өндөрлөнө.