Япон Улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Айчи болон Гифү мужийн зарим хэсэгт аадар бороо, үерийн гамшгийн хамгийн өндөр буюу 5 дугаар түвшний онцгой сэрэмжлүүлэг өчигдөр буюу мягмар гарагийн орой гаргалаа.

Тус сэрэмжлүүлгийг хоёр мужийн нутгаар дамжин урсдаг Шонай голын сав газарт зарласан байна.

Японы Цаг уурын агентлагийн ерөнхий урьдчилан мэдээлэгч Такуя Хосоми хэвлэлийн бага хурлын үеэр иргэдийг үерт автах эрсдэл багатай, өндөрлөг газар руу нэн даруй шилжиж, аюулгүй байдлаа хангахыг уриалжээ.

5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь иргэдэд тухайн орчны нөхцөл байдлаа яаралтай үнэлж, хамгийн аюулгүй боломжит газарт шилжихийг зөвлөдөг. Үүнд ойролцоох өндөр барилга байгууламж, эсвэл өөрийн гэрийн хоёрдугаар болон түүнээс дээш давхар зэрэг үерт автах эрсдэл багатай газрыг сонгохыг зөвлөж байна.

Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр Нагоя хотод өчигдөр 16:53 цаг хүртэлх нэг цагийн хугацаанд 104.5 миллиметр аадар бороо орсон нь тухайн хотын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Аадар бороо үргэлжилж, ус зайлуулах системийн хүчин чадлаас давсан хэмжээний ус хуримтлагдсан тул иргэдийг газар доорх байгууламжид удаан хугацаагаар саатахгүй байхыг анхааруулсан байна.

Ялангуяа авто замын доогуурх нүхэн гарц, газар доорх худалдааны төв болон газар доорх автомашины зогсоол зэрэг байгууламж руу ус нэвтрэх эрсдэл өндөр байгаа аж.

Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн зураг, бичлэгүүдээс үзэхэд Нагоя хотын зарим зам усанд автаж, зорчиж байсан автомашинуудын хаалганы өндөр хүртэл ус нэмэгдсэн байна.

NHK-ийн мэдээлснээр хотын Минато дүүргийн авто замын доогуурх нүхэн гарц болон бусад зарим хэсэг үерт автаж, зарим иргэн автомашинаа орхин аюулгүй газар руу шилжихээс өөр аргагүй болжээ.

Японы эрх баригчид иргэдийг цаг агаарын нөхцөл байдал болон гол мөрний усны түвшний талаарх мэдээллийг анхааралтай дагаж, шаардлагатай тохиолдолд нэн даруй аюулгүй газар шилжихийг уриалж байна.

Эх сурвалж: Japan Times