Багш нар наймдугаар сараас хойш цалингийн нэмэгдэл шаардаж буйгаа илэрхийлсээр ирсэн. Тэд цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэхийг Засгийн газраас шаардсан ч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байна. Энэ шаардлагын хүрээнд багш нар эхлээд улс даяар жагсаал зохион байгуулсан ч шийдвэр гарч чадаагүй тул өнгөрсөн пүрэв гарагаас (2025.10.16) эхлэн ажил хаялт зарласан юм.

Хөдөлгөөний эхний өдөр 16 мянга орчим багш ажил хаялтад нэгдсэн бол өнөөдрийн байдлаар энэ тоо 23 мянгад хүрч, долоон мянгаар нэмэгджээ. Ийнхүү ажил хаялт тав дахь өдрөө улс даяар үргэлжилж байна.

Багш нарын ажил хаялт эхлэхийн өмнө Засгийн газар тэдний цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гаргасан ч багш нар энэ саналыг хүлээн аваагүй юм.