Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн–ийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр үрээр тарьж, ургуулсан 100 ширхэг хайлаас модыг аймгийн төвийн “Цэргийн алдар” хөшөөний хашаанд шилжүүлэн суулгалаа.

Алба хаагчид шилжүүлэн суулгалтын ажлын дараа намрын цэнэг усалгааг бүрэн хийж, мод ургалтын нөхцөлийг сайжруулах, хөрсний чийгийг хадгалах, хөлдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Онцгой байдлын газрын хамт олон жил бүрийн туршид байгаль орчны нөхөн сэргээлт, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнд бодит хувь нэмэр оруулж байна.
Энэхүү ажлын зорилго нь зөвхөн мод тарих төдий бус, гэр бүл, хамт олон, байгууллага бүрийн оролцоотойгоор ногоон ирээдүйг хамтдаа бүтээх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, эко соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!