Өчигдөр буюу 11 дүгээр сарын 11-нд Нэтфликсийн алдарт “Physical: Asia” реалити шоуны шилдэг дөрвөн баг тодорлоо. Өнгөрсөн сарын 28-нд найман багтайгаар эхэлсэн тэмцээн өнөөдөр хүч чадал, ур чадвар, ухаан мэдлэгээрээ ялгарсан БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн баг үлдсэн байна.
Шоуны тавдугаар даалгаварт Японы баг бусдыгаа ялж, үлдсэн гурван баг буюу Монгол, БНСУ, Австрали багууд “Үхлийн тулаан” сорилтод орж, финалд хэн түрүүлэхийг тодруулах юм. Шоуны 10–12 дугаар бүлэг энэ сарын 18-нд цацагдаж, ялагчийг албан ёсоор тодруулах аж. Түрүүлсэн багийг тэрбум воноор шагнана гэдгийг зохион байгуулагчид албан ёсоор зарласан.
Энэхүү шоу нээлтээ хийснээсээ хойш Азийн орнуудад үзэлтээрээ дээд амжилт тогтоожээ. Энэ сарын 5-ны байдлаар шоуг 5.2 сая удаа үзэж, Нэтфликсийн Non-English ангилалд гуравдугаарт, нийт 44 улсын шилдэг 10 жагсаалтад багтаж, найман улсад нэгдүгээр байрт орсон үзүүлэлттэй байна.
Монгол Улс анх удаа олон улсын хэмжээний ийм шоу тэмцээнд баг бүрдүүлэн оролцож байгаа бөгөөд өөрсдийн хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ дэлхий дахинд харуулан өрсөлдөж байна. Монголын багийн оролцоо нь улсаа дэлхийд таниулах, залуусыг бие бялдар, авхаалж, багийн сэтгэлгээнд уриалах чухал алхам болж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!