“Дүнжингарав” худалдааны төв орчимд гарсан дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийж, төр засгаас хариуцлага нэхэж байгаагаа илэрхийллээ.

Иргэн Э.Очирын хэлснээр, түүний аав ослын улмаас 80 хувийн түлэгдэл авч, улмаар амь насаа алдсан байна. Талийгаач 1987 оноос хойш улсад 29 жил ажиллаж, тэтгэвэрт гарахдаа ганц жил дутуу байжээ. Тэрбээр “Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн. Хэрэв төрийн өндөрлөгүүд биднийг хүлээн авч уулзахгүй бол суулт, өлсгөлөн зарлана” хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн иргэн н.Батчимэг нэг сарын турш нөхрөө асарсны эцэст битүүний өдөр ханиа алдсанаа хэллээ. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн тэргүүн болон холбогдох албан тушаалтнуудад удаа дараа уулзах хүсэлт гаргасан ч хариу аваагүйг онцлов. Хуулийн байгууллагууд сэтгэл санааны хохирлыг үнэлүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн атлаа сүүлд хугацаа тулган үнэлгээ хийлгэхийг шаардсан нь хохирогчдыг хохироосон гэж үзэж байна.

Мөн галд өртсөн 207 дугаар байрыг нурааж, нийслэлийн төсвөөр шинээр барихаар болсон ч амь насаа алдсан иргэдийн асуудлыг орхигдуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр ослын шалтгааныг тухайн аж ахуйн нэгж бус, зам, дэд бүтцийн стандарт хангаагүй төр засгийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлав.

Хохирогчдын төлөөлөл аюултай ачаа тээврийг стандартын дагуу тээвэрлээгүй нь засгийн газрын алдаа хэмээн дүгнэж, дахин ийм осол гарахгүй гэсэн баталгаа алга байгааг анхааруулав. Тэд Үндсэн хуулийг үндэслэн төр засгийн зүгээс 1 дүгээр сарын 30-наас өмнө хүлээн авч уулзахыг шаардлаа.

Уг дэлбэрэлтийн улмаас нийт 25 хүн эмнэлэгт хүргэгдсэний 10 нь түлэгдэж, 15 хүн угаарын хийн хордлого авсан байна. Хохирогчид өөрсдийг нь орхигдуулж, ялгавартай хандаж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлэв.