АНУ-ын нийслэл Вашингтон хотын "Вашингтон Хилтон" зочид буудалд болсон Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн (White House Correspondents' Dinner) үеэр галт зэвсэг болон хүйтэн зэвсэгтэй халдлага үйлдэхийг завдсан этгээдийг хууль сахиулагчид шуурхай саатууллаа.
Баривчлагдсан этгээд нь Калифорни мужийн Торранс хотын оршин суугч, 31 настай Көүл Томас Аллен (Cole Tomas Allen) болохыг тогтоосон байна. Тэрээр тухайн зочид буудалд зочноор бүртгүүлсэн байжээ. Сэжигтний биеэс гар буу, буудлагын буу (rifle) болон хэд хэдэн хутга олдож, хураан авсан байна.
Дональд Трампын өмгөөлөгч Тодд Бланш NBC телевизэд өгсөн ярилцлагадаа сэжигтэн Трампын засаг захиргааны албан тушаалтнууд, магадгүй Ерөнхийлөгч Дональд Трампыг өөрийг нь онилсон байж болзошгүйг дурдлаа. Хэргийн үеэр 5-8 удаагийн буун дуу гарсан бөгөөд хамгаалалтын албаныхан болон сэжигтэн харилцан гал нээсэн байна. Сэжигтэн хамгаалалтын бүсийг нэвтэрч амжилгүй саатуулагдсан тул олон нийтийн дунд хохирогч гараагүй байна.
Вашингтон хотын Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жеффери Кэрроллийн мэдэгдсэнээр, сэжигтэн халдлагыг ганцаараа үйлдсэн (lone wolf) байх магадлал өндөр байгаа аж. Тэрээр Лос-Анжелесаас Чикагогоор дамжин Вашингтон хот хүртэл галт тэргээр ирсэн байж болзошгүй маршрутыг мөрдөгчид шалгаж байна. Сэжигтэн баривчлагдах үедээ шархдаагүй ч одоогийн байдлаар эмнэлгийн нарийвчилсан үзлэгт хамрагдаж байгаа юм.
Цагдаагийн байгууллага болон Холбооны мөрдөх товчоо (FBI) хэргийн сэдлийг бүрэн тогтоохоор ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!