Зургаан буудлын бор дүнзэн байшин ба миний дулаахан ертөнц
Дуучин Ука: Би туранхай жижигхэн биетэй, бор хүрэн үстэй, нүүр дүүрэн инээмсэглэлтэй 11 настай жаахан охин байлаа. Тухайн үед манайх гэдэг айл 8-уулаа амьдардаг байв. Зургаан буудлын гэр хороололд аав ээж хоёрын маань өөрсдийн гараар барьсан жижигхэн бор дүнзэн байшин бий. Нэг том өрөөтэй, тусдаа гал тогоотой тэр байшинд бид бүгд хамтдаа хооллож, зурагт үзэж, тоглож, зарим нь орон дээр бас газраар зэрэгцээд унтдаг байв. Байшингийн хажууд өмнө нь гэрээ барьдаг байсан буурин дээрээ дүү нартайгаа өдөржин тоглоно. Тэр л миний хамгийн дулаахан ертөнц байсан.
Ээжийн ачийг хариулах "шүүдрийн ус" ба анхны бие даасан шийдвэр
90-ээд оны хаврын эхэн сарын нэгэн ням гарагийн өглөө. Манайх өмнөх өдөр нь их угаалга хийчихсэн, усгүй шахуу үлдчихсэн байв. Аав маань хоосон сав руу хараад "өглөө цай чанах ус ч үлдээсэнгүй юу даа" гээд ээжтэй ярилцаж байгааг сонссон юм. Тэр үед шүүдрийн усаар цай чанавал ээжийнхээ ачийг хариулдаг гэдэг үг их тод үлдсэн байсан юм л даа. Ингээд би маргааш өглөө нь гэрийнхнээсээ хамгийн түрүүнд сэрээд чимээгүйхэн гэрээсээ гарлаа. Гадаа нам гүмхэн, тэр үед уулсын цаанаас өглөөний нар мандаж, тэнгэрийг алтлаг өнгөөр будсан мэт дүр зураглалыг хэзээ ч мартдаггүй.
Эгчийнхээ гоёлын пальтотой алхсан "жинхэнэ эрх чөлөөний зам"
Энэ үед ямар нэгэн онцгой зүйл хиймээр санагдаж, усанд явахаар шийдлээ. Худгийн онгойх цаг болоогүй байсан болохоор шууд рашаан руу явъя гэж бодлоо. Гэрээс нэлээн хол ч гэсэн ээждээ зориулж ус авмаар санагдсан юм. Анх удаа ганцаараа гэрээс хол усанд явах гэж байгаа болохоор догдлоод эгчийнхээ шагай хүрсэн урт шаргал пальтог өмсөв. Хар захтай, дөрвөн товчтой, гоёлын пальто. Том хар гутлыг нь ч өмслөө. Усанд явахад тохирохгүй байсан ч би гоё харагдмаар санагдсан юм. Тэгээд хоёр том хөнгөн цагаан усны сав бариад гэрээсээ гарлаа. Уулын орой хавьд байдаг гэрээсээ өөр уулын бэл рүү алхах тэр замд би амьдралдаа анх удаа жинхэнэ эрх чөлөөг мэдэрсэн. Хэн ч намайг дагаагүй. Хэн ч “болохгүй” гэж хэлээгүй. Би өөрөө өөрийнхөө өмнөөс алхаж байлаа.
“Дондогдулам”-ын хүйтэн рашаан ба шантраагүй 11 нас
Ингээд зургаан буудлаас алхсаар "Дондогдулам"-ын рашаан дээр ирлээ. Рашаанд муухай зүйл хүргэж болдоггүй гэдгийг сонссон болохоор их л хүндэтгэлтэй хандаж, доод талынх нь ёроолыг угааж байгаад усаа хутгаж авсан юм. Гэхдээ сав дүүрэн ус өргөнө гэдэг миний хувьд дэндүү хүнд санагдаж билээ. Хэдэн ч удаа оролдоод дийлсэнгүй. Хүйтэн рашааны ус гар руу тас няс хийн цохиж, би даарч, айж эхэлсэн. “Чадахгүй бол яах вэ?” гэсэн мэдрэмж тэр үед надад их хэцүү санагдсан. Гэхдээ би шантраагүй ээ. Нэг саваа арайхийн дүүргээд, дараа нь нөгөөг нь дүүргэж, шүдээ зуун байж өргөөд алхаж эхэллээ.
Сэлбийн мөс, хашааны нохой ба далан дээр сунгасан тусламжийн гар
Хөлдсөн Сэлбийн голыг гатлах тэр мөч одоо ч санаанаас гардаггүй юм. Савнуудаа сайн өргөхгүй бол чулуунд шүргээд ус асгарна. Мөс цөмөрчих вий гэж айна. Айлуудын хашаа дундуур явахдаа нохойноос айгаад бараг амьсгалаа чимээгүй дарна. Би өөрийгөө яг нинжа шиг төсөөлөөд л чимээ гаргаж болохгүй гэж бодсоор алхаж байв. Гэхдээ үнэндээ нохойноосоо илүү ус асгахаас айж байсан юм байна лээ. Ингээд хамгийн сүүлийн даваа үлдэв. Машины зам руу гарахын тулд өндөр далан өөд өгсөх хэрэгтэй болсон. Пальтон дээр ус асгараад хөлдчихсөн, дээрээс нь гар өвдөөд, би бараг уйлах шахсан. Яг тэр үед нэг ах над дээр ирээд "Алив ах нь өргөлцөөд тусалъя" гэж хэлээд уснуудыг минь аваад дээш гаргаж өгсөн юм. Би уг нь их бүрэг хүүхэд байсан. Танихгүй хүнтэй бараг юм ярьдаггүй. Гэхдээ тэр үед чин сэтгэлээсээ тэр ахад талархсанаа илэрхийлээд цааш явсан. Тэр мөчөөс хойш хүнд хэцүү үед хаа нэгтэйгээс заавал нэг хүн гарч ирдэг юм шиг.
"Би ус аваад ирлээ!": Гэрийнхэндээ туслах анхны тохиролцоо
Ингээд гэртээ ирэхэд бүгд унтаж байсан. Би нэг л том баатарлаг үйл хийсэндээ хөөрөөд "би ус аваад ирлээ" гээд л чанга орилоод бүгдийг нь сэрээчихсэн. Ээж, аав сэрээд "ямар мундаг юм бэ, миний охин" гэж магтаад л. Тэр үед би өөрийгөө жинхэнэ баатар шиг мэдэрсэн дээ. Түүнээс хойш би усанд байнга явдаг болсон. Бас өөрийнхөө хийж чаддаг зүйлийг ойлгож эхэлсэн. Би аяга таваг угаах дургүй. Хоол хийх ч дургүй. Харин усанд явж чадна. Дэлгүүр явж чадна. Түлээ, нүүрс оруулж чадна. Тэгээд гэрийнхэнтэйгээ хүртэл тохиролцоо хийдэг болов. “Би үүнийг хийхгүй шүү, харин тэрийг нь хийнэ" гээд л.. Тэр жижигхэн тохиролцоо надад нэг том зүйл заасан юм. Хүн бүр өөрийн чаддаг зүйлээрээ гэр бүлдээ хэрэгтэй байж болдог гэдгийг.
Бетон дээрх мөрөөдөл ба уулын оройд шивнэсэн хүслүүдЗаримдаа усанд явчхаад бетон дээрээ суугаад холын хотыг хардаг байлаа. Хүүхдийн парк алсаас харагдана. Нэг л өдөр тэнд очиж тоглоно доо гэж мөрөөднө. Мөн би ирээдүйд ямар хүн болох бол гэж байнга эргэцүүлдэг байсан. Тэр мөрөөдлүүд дотроос хамгийн том нь бүжиг байжээ. Би зурагтаар "Roxette" хамтлагийн дуучныг хараад үнэхээр биширдэг байлаа. Богино шаргал үстэй, хөл нүцгэн, эрх чөлөөтэй дуулж байгаа нь надад асар гоё санагдана. Гэртээ шалны мод бариад л рок од болсон юм шиг дуулж бүжиглэдэг хүүхэд байлаа. Хүүхдийн паркийн бүжгийн тэмцээнд оролцоод орой нь зургаан буудал хүртэл алхаж харих өдрүүд олон байсан. Гэхдээ би ганцаараа алхахдаа аз жаргалтай замдаа ирээдүйгээ төсөөлдөг байсан болохоор тэр. Мөн аавтайгаа хамт уулын орой дээр гарч чулуу тавьдаг байснаа ч мартдаггүй. Чулуу бүр дээрээ хүслээ бодно. Дараа нь буцаад очихдоо өнөөх чулуунуудаа тоолоод, мөрөөдлөө өөртөө дахин сануулна.Тэр мөрөөдөл намайг бүжиг рүү, тайз руу, урлаг руу хөтөлсөн юм.
Би дүү нарынхаа урлагийн үзлэгийг бэлдэж, хүүхдүүдэд бүжиг зааж, өөрийгөө улам нээж явсаар нэг л мэдэхэд "Киви" хамтлагийн гишүүн болсон байлаа. Гэхдээ миний хамгийн онцгой дуу бол “Мөрөөдөл бид хоёр”. Тэр дууг дуулах болгондоо би рашаан руу усанд явсан 11 настай өөрийгөө дахин хардаг. Нэг түүх дурсахад, 2015 онд Бөхийн өргөөнд тэр дуугаа дуулахдаа би АНХ УДАА тайзан дээр яг өөрөөрөө байсан. Өндөр өсгий ч үгүй, ганган дүр эсгэлт ч үгүй. Зүгээр л пүүзтэйгээ, эрх чөлөөтэйгөөр. Тус клипний зураг авалтад хүүхдийн паркийн гадаа зогсдог хэсэг бий. Тэрийг харах болгонд усанд явдаг байсан үе минь санаанд орж, нүдэнд нулимс цийлгэнэдэг. Учир нь тэр дуу үнэндээ миниймөрөөдөлтэй хамт алхсан тэр мөчүүдийн тухай дуу юм.
Ус бол зүгээр нэг шингэн биш, ус бол амьдралын минь дохиоОдоо би том тайзан дээр гарахын өмнө нүүрээ будуулан сууж байхад хүүхдүүд маань надад ус авчирч өгдөг. Тэр мөчид би үргэлж туулж өнгөрүүлсэн дурсамжуудаа дурсаж бас талархдаг. Учир нь ус гэдэг миний хувьд зүгээр нэг ус биш. Ус бол мөрөөдөл, зам. Ус бол “чи чадна” гэж надад анх хэлсэн амьдралын минь дохио байсан. Заримдаа би дотроо нөгөө жаахан охинтойгоо уулздаг. Тэгэх бүртээ "битгий айгаарай, чи чадна шүү” гэж хэлмээр санагддаг юм. Тэгээд тайзан дээр гараад “Мөрөөдөл бид хоёр” дуугаа дуулах мөчид би өнөөх 11 настай охины мөрөөдлийг өөрийнх нь өмнөөс тэвэрч байгаа юм шиг санагддаг даа. Тун удахгүй 6-р сарын 27-нд SocialPay Park-д болох #REDSHOW дээр би амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын зангилааг тайлж, мөрөөдөлдөө анх дурласан УКА-гаа та бүхэнтэй хамт дахин олно. Тэр үдэш та бүхэн зөвхөн дуучин УКА-г биш… мөрөөдөл рүүгээ ус зөөж алхсан 11 настай охины зүрхийг харах болно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!