Зөв.мн мэдээллийн сайт нь "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг 450 саяын үнэтэй балгасыг 5.5 тэрбумаар үнэлж, үйлдвэрээ олон тэрбумын алдагдалд оруулжээ" гэх гарчигтай нийтлэл гаргасан. Үндэсний аудитын газраас гаргасан хяналт шалгалтын дүнг үндэслэн дээрх нийтлэлийг бичсэн. Ингэхдээ уг нийтлэлд тус төрийн өмчит компанийн дарга Н.Ганхуягийн зургийг тавьсан юм. Гэтэл "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг нь “Миний зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” гэж Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргаж үүний дараа Хүний эрхийн үндэсний комиссоос “Зураг бол хүний биометрик мэдээлэл тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр зургийг нийтэлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 6.27.3 дахь заалтад заасан зөрчлийн шинжийг агуулах боломжтой гэж дүгнэжээ. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчлийн хэрэг нээж тус редакцыг 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Өнөөдөр ХЭҮК-оос “Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуягийн "Миний зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн" гэх гомдолд хийсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлтээ танилцууллаа.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: Хүний эрхийн үндэсний комиссын дотоод хяналт шалгалтын үр дүн гарч нийтэд танилцуулах хүртэл хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал хариуцсан гишүүний хувиар хэвлэл мэдээлэлд тайлбар хийхийг хязгаарласан. Учир нь шийдвэрлэх үйл ажиллагаанд алдаа дутагдал гарсан байж болзошгүй нөхцөл байдлыг хянах үйл ажиллагаа хараат бусаар явагдах ёстой.Алдаа дутагдал хаана гарсныг баримтад үндэслэж нөлөөнд автахгүй тогтоож байж цаашид комиссын үйл ажиллагаа хэвийн явагдана.

Асуудал гарсан бол тухайн шалтгаан нь комиссын гишүүнд байсан уу эсвэл бусад албан хаагчдын асуудал байсан уу гэдгийг дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг хараат бусаар тогтоох үүднээс олон нийтэд байр сууриа илэрхийлэх боломжгүй байлаа. Нийтийн албан тушаалтны гэрэл зураг биометрик мэдээлэл биш. Гомдлыг шийдвэрлэхдээ гэрэл зургийг биометрик мэдээлэл хүний эмзэг мэдээлэл гэж дүгнэсэн мөн хувийн мэдээллийг хамгаалах болон нийтийн эрх ашигт хамаарах асуудлыг олон нийтийн эрх ашгийн тэнцвэрийг хангаагүй, гэрэл зургийг нийтэлсэн байдал нь зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн гуравдах хэсэгт хамаарна гэж тодорхойлсон нь мэргэжлийн алдаа болсон байна. 

Надад ямар ч хариуцлага нөхцөл байдал үүссэн бай би хүлээж авахад бэлэн байна. Миний хувьд цаашид Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь маш чухал. Албан бичиг мэдэгдэхгүйгээр цагдаагийн байгууллага руу явсныг хэвлэл мэдээллээс мэдсэн. Энэ бол ХЭҮК-ын үйл ажиллагаанд сургамж боллоо.