Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлд Хүннү хот болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын явцыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөхүүд, холбогдох албаныхан газар дээр нь танилцууллаа.
Танилцуулгын үеэр Хүннү хотын захирагч М.Батбаяр тус хот нь 31.5 мянган га талбайг хамарч, олон улсын нисэх буудал, төмөр зам, авто замд тулгуурласан тээвэр, логистикийн нэгдсэн төв болон хөгжихөөр төлөвлөгдсөн гэв. Тэрбээр Хүннү хотод 1000 га талбай бүхий эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургуулийн хотхон, үйлдвэрлэл, худалдаа, логистикийн бүсүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид 100–150 мянган хүн ам суурьшиж, 80 мянга орчим ажлын байр бий болно гэж тооцоолж байгааг онцолсон юм.
Мөн цахилгаан, усан хангамж, үерийн хамгаалалт, шилэн кабель, цэвэрлэх байгууламж зэрэг инженерийн дэд бүтцийн ажлууд 65–90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг танилцууллаа.
Түүнчлэн “Шинэ Зуунмод” хотын эхний ээлжийн 110 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам болон 110/35/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцаж, төслийн хэрэгжилт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэв.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны дарга Б.Энхзул тус бүс нь 1000 га талбайд байгуулагдах бөгөөд аялал жуулчлал, олон улсын санхүүгийн төв, дата төв, үйлдвэрлэл, тээвэр, логистик зэрэг есөн чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөснийг танилцууллаа. Түүнчлэн агаарын тээвэр, төмөр зам, авто замын огтлолцолд байрлах стратегийн байршил нь хөрөнгө оруулалт татах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх чухал давуу тал болно гэсэн юм.
Уулзалтын үеэр талууд бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хүннү хот болон Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах боломж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!