Орчин үеийн амьдралын хэмнэл, ажлын ачаалал, мэдээллийн хэт их хэрэглээ нь хүмүүсийн стрессийн түвшинг нэмэгдүүлэх хүчин зүйл болсоор байна. Үүний эсрэгээр анхаарлаа төвлөрүүлэх, амьсгалаа ажиглах, жигд хуваарилах зэрэгт тулгуурладаг бясалгал нь сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндэд тодорхой үр нөлөөг үзүүлдэг.
Бид бясалгах үед дотоод амар амгаланг олж, өдөр тутмын стрессээ бууруулах боломж олддог. Бясалгал нь энгийн бөгөөд өртөг, тусгай багаж шаардлагагүй байдаг тул хэн ч, хаана ч хийхэд хялбар байдаг. Бясалгал хийх үед анхаарлаа төвлөрүүлж, толгойд эргэлдэж стресс үүсгэж байгаа замбараагүй бодлуудаа цэгцэлдэг. Ингэснээр бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай байдаг.
АНУ-ын National Center for Complementary and Integrative Health байгууллагын мэдээлснээр бясалгал нь стрессийг бууруулах, сэтгэл түгших болон сэтгэл гутралын шинж тэмдгийг багасгахад зарим хүмүүст дэмжлэг болдог. Судалгаануудын дүнгээр анхаарал төвлөрөлд суурилсан бясалгал (mindfulness meditation) нь хүний сэтгэл санааны зохицуулалтыг сайжруулахад тусалж болохыг харуулсан байна.
Мөн Johns Hopkins University-ийн судлаачдын хийсэн шинжилгээнд олон төрлийн бясалгалын хөтөлбөрүүдийг авч үзэхэд бясалгал нь түгшүүр, сэтгэл гутрал, өвдөлтийн мэдрэмжийг бууруулахад багаас дунд хэмжээний эерэг нөлөө үзүүлж болохыг тогтоосон байдаг. Судалгаанд нийт 18 мянга гаруй оролцогчийн мэдээллийг хамруулсан байна.
Бясалгалын өөр нэг чухал нөлөө нь нойр болон анхаарал төвлөрөлтэй холбоотой. Тогтмол бясалгал хийдэг хүмүүс тайвшрах чадвар нэмэгдэж, өдөр тутмын стрессийг илүү үр дүнтэй зохицуулах боломжтой гэж зарим судалгаанд тэмдэглэжээ.
Гэхдээ мэргэжилтнүүд бясалгалыг бүх өвчнийг эмчлэх арга гэж үздэггүй. Харин эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг болгон зөв хооллолт, хөдөлгөөн, хангалттай нойртой хослуулах нь илүү үр дүнтэй хэмээн зөвлөж байгаа аж.
Өдөрт хэдхэн минутыг өөртөө зориулж, тайван сууж, амьсгал болон бодол санаагаа ажиглах дадал нь орчин үеийн стресс ихтэй амьдралд хүний сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих боломжтой энгийн арга болж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!