Венесуэлийн хойд хэсэгт болсон 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах ажиллагааны үеэр Ла Гуайра мужид барилгын нурангид тав хоног буюу 106 цагийн турш дарагдсан 21 настай Аарон Леви Кантильо Варгасыг эсэн мэнд аварлаа.
Аврагчид залууг барилгын нурангиас гарган эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний биеийн байдалд эмч нар хяналт тавьж байна. Аврагдсаны дараа тэрээр өөрийг нь аварсан хүмүүсийг “Бурхны илгээсэн тэнгэрийн элчүүд” хэмээн тодорхойлж, өөрийгөө амьд үлдсэн нь жинхэнэ гайхамшиг байсан гэж ярьжээ. Тэрээр аврагчид хэдэн өдрийн турш тасралтгүй ажилласны үр дүнд амь аврагдсан гэдгээ онцолсон байна.
Үүнээс өмнө зургаадугаар сарын 26-нд мөн Ла Гуайрад нурсан барилгын доороос 32 цагийн дараа нэгэн эхийг 18 хоногтой нярайнх нь хамт эсэн мэнд аварсан юм. Эхийн ярьснаар тэрээр нурангид байх хугацаандаа хүүхдээ энгэртээ тэврэн хамгаалж, аврагчид дуу хоолойг нь сонсох хүртэл тэсэж чаджээ.
Одоогийн байдлаар Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн бэртэн, олон мянган хүн орон гэргүй болоод байна. Ла Гуайра болон хамгийн их хохирол амссан бүсүүдэд олон улсын аврах багууд эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд цаг өнгөрөх тусам амьд хүн олох магадлал буурч байгаа ч аврагчид ажиллагаагаа зогсоогоогүй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!