Ормузын хоолойд олон улсын худалдааны гурван хөлөг онгоц халдлагад өртсөний дараа АНУ Ираны нутаг дэвсгэрт цуврал агаарын цохилт өгч эхэллээ.
АНУ-ын Төв командлал (CENTCOM) мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, энэхүү ажиллагаа нь олон улсын усан замаар зорчиж байсан худалдааны тээврийн хэрэгслүүдэд халдсан үйлдлийн хариу арга хэмжээ гэж тайлбарлав.
Харин Ираны Гадаад хэргийн дэд сайд АНУ-ын цохилтыг өнгөрсөн сард байгуулсан хоёр улсын харилцан ойлголцлын санамж бичгийг зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж, Тегеран “шийдвэртэй арга хэмжээ авна” гэж анхааруулжээ.
Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ-ын цохилтын үеэр Кешм арал, Бандар-Аббас болон Сирик хотын орчимд пуужингийн хэлтэрхий унаж, хэд хэдэн хүн бэртсэн байна. Одоогоор хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл гараагүй байна.
Үүний өмнө Саудын Араб, Катар улсуудаас өөрсдийн танкерууд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх үед халдлагад өртсөн талаар мэдээлж, Ираныг буруутгасан юм.
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны алба (UKMTO)-ны мэдээллээр, даваа гарагт нэг танкер үл мэдэгдэх пуужинд өртөж, хөдөлгүүрийн хэсэгт нь гал гарсан бол мягмар гарагт дахин хоёр танкер халдлагад өртөж, бага хэмжээний эвдрэл учирчээ.
АНУ-ын цохилтоос хэдхэн цагийн өмнө Вашингтон Ираны газрын тосны экспортод тавьсан хоригийн түр хугацааны чөлөөлөлтийг цуцалсан байна. Уг зөвшөөрөл нь өнгөрсөн сард байгуулсан 14 заалт бүхий гал зогсоох харилцан ойлголцлын санамж бичгийн нэг хэсэг байсан аж.
Тус санамж бичигт Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос бүрэн татгалзуулах, мөн улсын сэргээн босголтыг дэмжих зорилгоор 300 тэрбум ам.долларын сан байгуулах асуудлыг тусгасан байжээ.
Одоогоор АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал нэмэгдэж, Ормузын хоолойн аюулгүй байдал болон олон улсын эрчим хүчний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөө анхаарлын төвд байна.
Эх сурвалж: Reuters








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!