2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар Боловсролын яамнаас олон нийтэд мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026-2028 онд хэрэгжүүлэх боловсролын салбарын бодлого, арга хэмжээг танилцуулсан байна.

Тухайлбал, 2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр 2-5 насны нийт хүүхдийн 98 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьсан байна.

Мөн багшийн дутагдлыг арилгаж, ажлын ачааллыг 30 хувиар бууруулах, хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжин, хоцрогдлыг бууруулахад анхаарна. Цэцэрлэгүүдийг ногоон, эрүүл, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчинд шилжүүлэхээр ажиллах аж.

Түүнчлэн бүх хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулж, эрүүл мэндийн индексийн түвшинд ахиц гаргах зорилт тавьжээ.

Нэгдүгээр ангийн сурагчдыг шинэ орчинд дасан зохицож, өөртөө итгэлтэйгээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн жилийн эхний дөрвөн долоо хоногт хэрэгжүүлэх цогц үйл ажиллагааг төлөвлөж байгаа аж.

Харин гэрийн даалгаврын ачааллыг судалгаанд үндэслэн бууруулж, “10 минутын дүрэм”-д нийцүүлэхээр төлөвлөсөн байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын хувьд суралцагчдын тоог 40 хувиар нэмэгдүүлэх, жишиг хөтөлбөрийн 80 хувийг ажил мэргэжлийн стандартад нийцүүлэх, ногоон ур чадвар олгоход түлхүү анхаарах зорилт дэвшүүлжээ.

Уулзалтад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны төлөөлөл оролцсон байна.

Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Амин ус, Pearson, Mozaik, Eduten, Chromebook, сурагчдын өдөр тутамд хэрэглэх өдрийн хоол зэрэг хөтөлбөр, үйлчилгээг иргэд, олон нийтэд бодитоор танилцуулжээ.