СУИС-д суралцаж байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хохирогч Н.Шинэцэцэгтэй холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Тус хэргээр яллагдагч н.Шижирбат, н.Сүхбаатар, С.Энхболд нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулсан байна.
Шүүхээс дээрх гурван яллагдагчид холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Мөн яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болсон байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа яллагдагчдын таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих болгон өөрчлөх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангалттай үндэслэлгүй гэж үзэн шүүх хүлээн аваагүй байна.
Түүнчлэн прокуророос н.Мөнх-Алдарт холбогдох хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй тул энэ удаагийн урьдчилсан хэлэлцүүлгээр түүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс мэдээллээ.
Ингэснээр н.Шижирбат, н.Сүхбаатар, С.Энхболд нарт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэний дараа дахин шүүхэд шилжихээр болж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!