Монголбанкнаас зээлийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Монголбанкны Хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн хэлэхдээ, УИХ-ын дарга Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн зарим үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр 10 чиглэл өгсөн бөгөөд үүний хүрээнд яаралтай ажлын хэсэг байгуулсан гэв.
Энэ хүрээнд зээлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд, үнэн зөв нийлүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ. Одоогоор зээлийн мэдээлэл нийлүүлдэг банк бус санхүүгийн байгууллагуудыг шалгаж байгаа бөгөөд цаашид банкуудад мөн хяналт хийх аж.
Мөн иргэний зээлжих зэрэглэлийн оноо шинэчлэгдэх үйл явцад өөрчлөлт орсон байна. Тодруулбал, зээлийн мэдээллийг хүлээн авсан даруйд тухайн иргэний зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт ордог болжээ. Өмнө нь зээлийн төлөлтөөс хамаарч оноо сард нэг удаа шинэчлэгддэг байсан байна.
Түүнчлэн зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдийн гомдол, мэдээллийг аль байгууллага хариуцах талаарх мэдээллийг цахимаар хүргэх системийг хөгжүүлж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Монголбанкнаас зээлжих зэрэглэлийн оноонд үүрэн холбооны болон хэрэглээний төлбөрийн мэдээлэл нөлөөлөхгүй гэдгийг мөн тодотгосон байна.
Зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлжих зэрэглэлийн оноо нь хоёр өөр ойлголт юм. Зээлийн мэдээллийн лавлагаа нь иргэн, аж ахуйн нэгжийн авч байсан нийт зээлийн түүхийг харуулдаг бол зээлжих зэрэглэлийн оноо нь тухайн түүхэд үндэслэн зээл төлөлтийн зан төлөв, санхүүгийн сахилга батыг илэрхийлдэг байна.
Зээлжих зэрэглэлийн оноог Монгол Улсад 2024 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд цаашид зээлийн мэдээллийн тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг тогтмол хийхээр төлөвлөж байгаа аж.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!