Өглөөний салхи зөөлөн сэрүү татаж, өнгөрсөн зуны дурсамж навчсын чимээнд шингэж. Нар урьдынхаас арай дөлгөөн мандаж, өглөө бүрийн тэнгэр аядуухан атлаа үзэсгэлэнтэй харагдана.
Хотын гудамж өглөөний сэрүүнд чимээгүйхэн сэрж, өнөөх л яарсан хүмүүс зузаан хувцсаа өмсөн, халуун кофегоо атган алхах нь намар ирснийг илүү тодхон мэдрүүлнэ.
Намар гэдэг ердөө нэг улирал биш юм. Хүний сэтгэлд чимээгүйхэн хүрч ирээд, өнгөрснийг эргэн санаж, орхих ёстой бүхнээ навчсын хамт хийсгэн одуулдаг ажээ.
Шаргал навч нэг нэгээрээ газарт буух шиг зарим учрал ч бас чимээгүйхэн холдож одно. Гэхдээ төгсгөл бүрийн цаана шинэ эхлэл байдаг шиг намрын сэрүүн өглөө бүр амьдрал дахиад шинээр эхлэх боломжийг шивнэнэ.
Машины цонхоор моддын ногоон өнгө шаргалтаж, салхинд хийсэх ганц нэг навч зуныг үдэж буй захидал шиг замын хажууд зөөлөн бууна.
Харин хөдөө… өглөөний манан уулсын энгэрээр нэг тарж, галын утаа гэрийн тооноор дээш суунаглана. Шүүдэрт норсон өвс хөлд зөөлөн хүрч, намрын нар уулын цаанаас арай гэж нэг цухуйх нь ертөнц бүхэлдээ удааширчихсан мэт.
Гэхдээ хаана ч байсан намар хүний сэтгэлийг ав адилхан зөөлрүүлдэг юм байна.
Зуны халуун өдрүүд ард үлдэж, орой эртхэн харанхуйлж, өглөө сэрүүхэн болох тусам хүн өөрийн эрхгүй өнгөрснөө бодож санааширна.
Намар иржээ..Хотын гудамжинд ч, хөдөөгийн талд ч амьдрал нэг л сайхан үнэртэй болжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!