“Урьхан” Б.Чинбатын Монголын цагдаа, шүүх, прокурорт угсарсан картелийн гишүүдийн нэрс тодорчихлоо. Социалист нийгмийн үеэс ялын тогтоол уншуулсан рецедивүүдийн нэг “Урьхан” Б.Чинбатад дээрэмдүүлсээр залхсан иргэн В.Ганзориг хорих 461 дүгээр ангиас шүгэл үлээж тэдний нэрсийг зарласан юм. Монголын Пабло Эскобар хочит “Урьхан”-ы босс Б.Чинбат иргэн В.Ганзоригийн лицензэт талбайгаас 560 кг алтыг нь дээрэмдэж ухчихаад ахиж дээрэмдэх гэж улайрч яваад Монгол Улсын цагдаа, шүүх, прокурорт угсарсан картелиа ил болгож өөртөө гай тарьсан нь энэ.
“Урьхан” Б.Чинбатын өнгөрсөн түүхийг ухаж үзлээ. Нийтлэлийн өмнө дурдсанчлан хуучин нийгмийн үеэс л Октябрийн болон Ажилчны роайны шүүхүүдээс ял сонсч явсан зартай гэмт хэрэгтэн юм байна. Мань эрийн бизнесийн амьдрал тэр чигтээ залилан, рекет дээрэм, татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлүүдээр дүүрэн аж. Интернэт ухахад л Б.Чинбатын хийсэн залилан, рекет тойрсон элдэв шуугиан дурайгаад гараад ирж байна. “Урьхан”-ы боссын маш олон дээрмийн хэрэг Монгол Улсын шүүхээр орж байж. Хачирхалтай нь мань эр шүүхээр орох бүрдээ цагаадсаар өнөөг хүрсэн байх юм.
Пабло Эскобар хочит Б.Чинбатын хууль хүчний байгууллагад угсарсан картелд Дээд шүүх, хүнийг шууд хорих эрхтэй Хялбар ажиллагааны шүүх, Улсын ерөнхий прокурор, дүүргийн прокурор, ЦЕГ-ын нөлөө бүхий хүмүүс нэгдчихсэн учраас л мань эр шүүхээр орох бүрдээ цагаадсаар өнөөг хүрчихсэн юм байна.
Монголын шүүх Б.Чинбатын халаасанд орсныг батлах ойрхны нэгэн шүүх хурлын шийдвэрийг снирхуулъя. Б.Чинбат Хятадын иргэн Г-г залилсан аж. Уурхай түрээслүүлнэ гэж 15 тэрбумыг нь авчихаад таг болчихож. Өнөөх нь мөнгөө авах гэж өчнөөн гүйсэн ч дээрэмчнээрээ зартай “Урьхан”-ы босс элдвээр дарамталж даапаалаад огт тоогоогүй байна. Аргаа барьсан хохирогч цагдаад ханджээ. “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорт өөрийн угсарсан мафийн системээрээ дамжуулж нөлөөлөх гэж оролдсон ч бүтээгүй юм байна. Азаар энэ хэрэг Ерөнхий прокурорын хяналтад байсан учир шүүхийн босго давж чаджээ. Хууль хүчнийг атгасан Б.Чинбат гээч рецедив Монгол Улсын ерөнхий прокурорын өмнө л анх удаа хүчин мөхөсдсөн байна. Эрүүгийн ертөнцөд дархлагдсан Б.Чинбатын залилан дээрмийн ганц ч болтугай хэргийг шүүх рүү чирж оруулсанд нь Монгол Улсын Ерөнхий прокурорт болон прокурорын байгууллагад талархах учиртай.
Харамсалтай нь, “Урьхан” Б.Чинбат картел, мафийн системээ шүүхийн шатанд ажиллуулчихаж. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаярыг “Урьхан” Б.Чинбатын картелийн гол гишүүдийн нэг гэж эх сурвалжууд хэлж буй. Түүний тэрбумуудаар үнэлэгдэх асар их хөрөнгө хамаарал бүхий этгээдүүдийнх нь нэр дээр байдаг гэх жиг жуг яриа шүүгчдийн дунд өрнөдөг юм билээ. Б.Чинбат Дээд шүүхэд ийм том ар талтай учраас 15 тэрбум төгрөгийн залилангийнхаа хэргийг шүүхээр цагаатгуулжээ. Шүүх мань эрийн 15 тэрбумын залилангаас гадна улсад 5 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй хэргийг ч бас хэлэлцсэн аж. “Урьхан” Б.Чинбатын энэ хоёр хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болжээ.
Энэ шүүх хурлын шүүгч нь Э.Чанцалням. Монголын Улсын нэрийн өмнөөс алх цохидог хар нөмрөгтөн Э.Чанцалням улаандаа гарсан дээрэмчин “Урьхан” Б.Чинбатыг “энхийн цагдаа тагтаа юм байна” гэж эвийлээд цагаатгажээ. Шүүгч Э.Чанцалням “Б.Чинбат гадаадын иргэний 15 тэрбумыг залилаагүй. Улсад төлөх 5 тэрбумын татвараас ч зугатаагүй” гэсэн шийдвэр гаргаж ширэн нүүрлэсэн байх юм. Прокуророос зузаан, зузаан хавтаст хэрэг харуулж, “Б.Чинбатыг яллаач” гэж байхад ийм цайсан шийдвэр гаргачихсан гээд төсөөл дөө. Энэ бол өндөр албан тушаалтнаас том даалгавар авч, их мөнгөний авлига халаасалсан хүнээс л гарах үйлдэл. “Урьхан” Б.Чинбатын гарын хүн гэгддэг Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр түүнд даалгавар өгсөн байх тун өндөр магадлалтай. Учир нь өдгөө шоронд хоригдож буй иргэн В.Ганзоригийг хорь гэсэн даалгаврыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатарт өгсөн хүн нь Ч.Хосбаяр гэж эх сурвалж онцолж буй. Б.Бямбаабаатар өөрийн тэнхимийн шүүгч Ч.Алдарт Ч.Хосбаярын даалгаврыг дамжуулсан гэдэг юм.
Э.Чанцалням шүүгчийн “Урьхан” Б.Чинбатыг цагаатгасан шүүхийн шийдвэрийн дугаар нь 2025\ШЦТ\2259. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Г-г 15 тэрбум төгрөгөөр залилсан нь хөдөлбөргүй тогтоогдчихоод байхад, улсад төлөх 5 тэрбум төгрөгийн татвараас бултсан нь олон баримтаар нотлогдчихоод байхад Монгол Улсын нэрийн өмнөөс ажилладаг шүүгч Э.Чанцалням гэмт этгээдийг цагаатгасан шийдвэр гаргачихсан байна, Хууль зүйн сайд С.Амарсайхаан! Дашрамд дурдахад энэ шүүх хуралд “Урьхан” Б.Чинбатын хамаг хар бохирыг цэвэрлэж явдаг Б.Мэргэн өмгөөлөгчөөр оролцжээ.
Дээрэмчнийг цагаатгаж ширэн нүүрлэсэн Э.Чанцалням шүүгч ээ, 15 тэрбум төгрөгөөрөө хохирсон иргэн Г бол БНХАУ-ын иргэн. Хятад улс манай улсын эдийн засгийн хамгийн том түнш. Монголын эдийн засагт эргэлдэх мөнгөний 90 гаруй хувь нь уул уурхайгаас орж ирдэг. Бидний уул уурхайн бүтээгдэхүүнээ зардаг цор ганц улс бол Хятад. Одоо л гэхэд улсаараа шатахуунгүйдчихсэн, төрийн томчууд маань Хятадаас бензин царайчилсан маягтай аж төрж байна. Ийм хэцүү бэрх цагт Монгол-Хятадын дипломат харилцаанд сэв суувал авлига авч дээрэмчнийг өмгөөлсөн та хариуцлагыг нь хүлээж чадах уу?!.
Монголын шүүхэд картелаа угсарсан Б.Чинбаттангуудаас болж урд хөршийн маш олон бизнесмэн яг ингэж дээрэмдүүлдэг. Дээрэмдүүлж хохирсон тэд аргаа бараад шүүхэд ханддаг ч Э.Чанцалням шиг эрүүгийн рецедивүүдэд худалдагдсан шүүгч нар “Олон юм битгий ярь. Дуугүйхэн хохироод зайлж үз” гээд дээрэмчний талд алх цохичихдог. Ийм кейс олон давтагдвал хоёр улсын харилцаа хөрнө. Хоёр улсын харилцаа хөрвөл бид нүүрсээ зарж доллар олж чадахаа болино. Тэгвэл яана гээ. Долларын ханш хаданд гарч жирийн иргэдийн халаасан дахь хэдэн төгрөг цаас болно. Шуудхан хэлэхэд Венесуэлийн хатуу тавилан давтагдана. Давтагдана ч гэж дээ, Б.Чинбат мэтийн рецедивүүдэд үйлчилдэг Ч.Хосбаяр, Э.Чанцалням тэргүүтэй шүүгчдээс болж өнөөдөр ч жирийн иргэд бизнесээ дээрэмдүүлж, доллар, шатахууны ханшид дарлуулж, Венесуэлийн араас орчихсон гундуухан аж төрж явна.
Монгол Улсын нэрийн өмнөөс алх цохидог хар нөмрөгт шүүгчид нь “Урьхан” Б.Чинбат мэтийн луйварчинг хийсэн хэргийнх нь төлөө шоронд хориогүйгээс болж дээрэмчдийн луйвар залилан зогсохгүй, улам төгсөрч байна. Б.Чинбатад дээрэмдүүлсэн хүмүүс гомдол гаргасан ч Б.Чинбатын халаасанд орсон шүүх ингээд цагаатгачихдаг учраас бизнес эрхэлдэг олон хүн түүнд дээрэмдүүлээд чимээгүй яваад байдаг юм билээ.
В.Ганзориг гэдэг залуу “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг цагдаа, шүүгч, прокурорын албан тушаалтнуудыг нэрлэж шүгэл үлээсэн дээр нь Ч.Хосбаяр, Э.Чанцалням тэргүүтэй мафижсан шүүгчдэд хариуцлага тооцмоор байна, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ.
Жич: 461 дүгээр хорих ангид хоригдож буй иргэн В.Ганзориг “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүх, прокурорт угсарсан картелийн гишүүдийг зарлаж шүгэл үлээгээд байгаа юм. В.Ганзориг одоогоор Улсын дээд Шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, тус танхимын шүүгч Ч.Алдар, хөрөнгөжсөн тэрбумжсан хурандаа нарын эхэнд жагсдаг “цээж” Ууганбаяр, “пээдэг” Эрдэнэбаяр, Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг нарыг нэрлээд байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!