УИХ дахь ХҮН намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын эрчим хүчний салбарын 2050 он хүртэлх бодлогын чиглэл болон эрчим хүчний экспортын хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрчээ.

Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд мэдээлэл хийж, эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдал, хэрэгжүүлж буй реформ болон цаашдын зорилтын талаар танилцууллаа.

Тэрбээр Монгол Улс эрчим хүчний дутагдалтай, эрчим хүчний системийн дэд бүтэц ихээхэн хуучирсан нь эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй гол хүчин зүйлсийн нэг гэдгийг онцлов.

“Эрчим хүчний асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улсын эдийн засаг хөгжихгүй. Тиймээс ХҮН нам эрчим хүчний реформыг анхнаас нь манлайлан Засгийн газарт хамтран ажиллаж байна. 2028-2030 он гэхэд Монгол Улсыг эрчим хүчний хувьд бүрэн бие даасан, хараат бус улс болгох бүрэн итгэл үнэмшилтэй ажиллаж байна” хэмээн Шадар сайд хэллээ.

Монгол Улсын эрчим хүчний системийн 90 орчим хувийг нүүрсний эх үүсвэр бүрдүүлдэг. Гэвч олон улсын санхүүгийн байгууллага, улс орнуудын бодлого нүүрсний цахилгаан станцын санхүүжилтээс татгалзах чиглэлд шилжсэнээр шинэ станц барих боломж хумигдаж байгааг Т.Доржханд онцолсон юм.

Түүний мэдээлснээр Монгол Улс сүүлийн 40 орчим жилд шинээр томоохон цахилгаан станц бариагүй байна. Харин дэлхийн улс орнууд цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд илүү их санхүүжилт чиглүүлж байгаа аж.

БНХАУ нийт эрчим хүчнийхээ 40 орчим хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж, цаашид 50 хувьд хүргэх зорилт тавьсан бол Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь одоогоор 10 орчим хувьтай байна. Үүнийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэв.

Тэрбээр Засгийн газар зөвхөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих байр суурь баримтлахгүй, санхүүжилт нь шийдэгдсэн тохиолдолд усан, хий, нүүрсний цахилгаан станцын төслүүдийг ч дэмжих боломжтой гэдгийг тодотголоо.

Сэргээгдэх эрчим хүчний гол сорилт нь үйлдвэрлэлийн хэлбэлзлийг зохицуулах буюу системийн тохируулга гэдгийг хэлэв. Дэлхий нийтэд үүнийг усан цахилгаан станц, байгалийн хий, батарей хураагуур гэсэн үндсэн шийдлээр зохицуулж байгаа аж.

Монгол Улсын хувьд гол мөрөн ОХУ руу урсдаг тул усан цахилгаан станцын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хил дамнасан хэлэлцээр шаардлагатай. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцыг барихад хамгийн багадаа найман жил шаардагдах тооцоо бий. Харин байгалийн хийн хувьд Монгол Улсад одоогоор хангалттай нөөц, үйлдвэрлэл байхгүй бөгөөд метан хийн судалгаа одоогоор хөрөнгө оруулалтын түвшинд бүрэн эдийн засгийн үр ашигтай буюу “bankable” төсөл болоогүй байна.

Технологийн хөгжилтэй холбоотойгоор батарей хураагуур нь дээрх тохируулгын шийдлүүдийг орлох боломж бүрдсэн гэж Шадар сайд онцоллоо.

Мөн Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард таван байршилд зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааны үр дүнд нэг кВт.цаг цахилгааны үнэ хамгийн багадаа 4.85 цент болсон нь Бөөрөлжүүтийн нүүрсний цахилгаан станцын 8.9 центын тарифтай харьцуулахад батарей хураагуурын зардлыг тооцсон ч хамаагүй хямд үзүүлэлт болсныг мэдээлэв.

Төрөөс 15-25 жилийн хугацаатай эрчим хүч худалдан авах гэрээ буюу PPA-г баталгаажуулснаар хувийн хэвшил урт хугацааны санхүүжилт босгож, төслийн эрсдэлийг өөрөө хариуцдаг олон улсын жишигт шилжиж байна гэж тэрбээр тайлбарлав.

Шадар сайд эрчим хүчний экспортын талаар иргэдийн дунд түгээмэл байдаг ойлголтыг залруулж, экспорт нь зөвхөн цахилгаан дамжуулах шугам барьж, эрчим хүчийг гадагш нийлүүлэхээр хязгаарлагдахгүй гэдгийг онцоллоо.

Монгол Улс эрчим хүчээ дараах дөрвөн үндсэн хэлбэрээр экспортлох боломжтой гэж үзэж байна. Үүнд:

  • ногоон устөрөгч;
  • дата төв;
  • ногоон металлурги;
  • эрчим хүчийг шууд буюу биет хэлбэрээр экспортлох.

Монголын нүүрс газрын гүнд байгаа учраас олборлож, тээвэрлэх зардал өндөр байдаг. Харин нүүрсний уурхайн аман дээр цахилгаан станц байгуулж, нар, салхины эх үүсвэрийг төвийн эрчим хүчний системтэй уялдуулан ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж тэрбээр тайлбарлав.

Дата төвүүдийг Монгол Улсын эрчим хүчний экспортын нэг хэлбэр гэж үзэж байгааг Шадар сайд онцоллоо.

Түүний мэдээлснээр дата төвийн нийт зардлын 70 орчим хувийг эрчим хүчний хэрэглээ эзэлдэг. Иймээс Монголын нүүрс, нар, салхины нөөцийг цахилгаан эрчим хүч болгон хувиргаж, дата төвүүдээр дамжуулан дэлхийн зах зээлд технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлох боломжтой юм.

Мөн дата төвүүд нь Монголын эрчим хүчний системийн улирлын хэлбэлзлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил үед 1950 МВт орчимд хүрдэг бол зуны улиралд 500-600 МВт хүртэл буурдаг байна. Өөрөөр хэлбэл жилийн турш жигд хэрэглээ бий болдоггүй нь салбарын хөрөнгө оруулалт, санхүүгийн үр ашигт сөргөөр нөлөөлж иржээ.

Харин 24 цагийн турш тасралтгүй ажиллах дата төвүүдийг байгуулснаар эрчим хүчний тогтвортой суурь хэрэглээ бий болж, улмаар шинэ төслүүдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж Шадар сайд үзэж байна.

Түүний хэлснээр COP-ын үеэр Монгол Улсад 30 гаруй тэрбум ам.долларын дата төвийн хөрөнгө оруулалт хийх тохиролцоо хийгдсэн бөгөөд цаашид нийт 100 тэрбум ам.долларын дата төвийн хөрөнгө оруулалт татах боломжтой аж.

Мөн ногоон металлургийн чиглэлд томоохон экспортын төсөл хэрэгжүүлэх боломжтойг танилцууллаа. Тухайлбал, жилд гурван сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Тус төслийн зардлын 60-70 орчим хувь нь эрчим хүчтэй холбоотой байх бөгөөд нийт 17 ГВт эрчим хүч шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Үүний 11 ГВт-ыг салхины, 2 ГВт-ыг нарны эх үүсвэрээс, үлдсэн 4-5 ГВт-ыг нүүрсний цахилгаан станцаас хангах хувилбар боловсруулсан байна.

Хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн улмаас дэлхий даяар цэвэр эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын шинэ боломж бий болгох нөхцөл болж байна гэж Шадар сайд хэллээ.

Монголын дотоодын эрчим хүчний зах зээл харьцангуй жижиг, улирлын шинжтэй, тогтворгүй хэрэглээтэй тул зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулсан томоохон төслүүдэд хөрөнгө оруулагч татахад хүндрэлтэй байдгийг тэмдэглэв. Харин экспортын томоохон төслүүдийг түшиглэн Монгол Улсад өндөр хүчин чадлын цахилгаан станцууд байгуулагдвал тэдгээрээс дотоодын өвлийн оргил ачааллыг хангах боломж бүрдэх юм.

Иймээс эрчим хүчний экспортын төслүүдийг эхлүүлэх нь Монгол Улсын суурь эрх ашиг гэж тэрбээр үзэж байна.

“35 жил хэрүүл хийж, станцаа барьж чадаагүй түүхээ одоо цэглэж, улс төржилтөө зогсоох хэрэгтэй. Монгол Улсын эрх ашиг бол эрчим хүчний тусгаар тогтнол. Бид 2028-2030 он гэхэд эрчим хүчээрээ бие даасан улс болж чадна” гэв.

Цаашид эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, төсөл сонгон шалгаруулалтыг хөшигний ард хийсэн тохиролцоо, авлига, хээл хахуульгүйгээр, олон улсын судалгаа, дүгнэлтэд тулгуурлан, нээлттэй дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэхээ Шадар сайд онцоллоо.

Мөн нүүрсний салбарт ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг хувийн эрх ашгаа хойш тавьж, Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал, бүтээн байгуулалтын зорилгын төлөө хамтран ажиллахыг уриалсан байна.